“Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичгийг хүчингүй болголоо

Үйлдвэрчний эвлэлээс гаргасан “Татварын суутгалыг зогсоох тухай” албан бичгийг үндэслэн нийслэлийн харъяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвар зогссонтой холбоотой асуудал бүтэн жилийн турш гурван шатны шүүхээр хэлэлцсэн. Үүний дагуу Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимаас дээрх албан шийдвэрийг энэ сарын 22-ны өдөр хүчингүй болгожээ. Тухайлбал, үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хөдөлмөрийн хуульд зааснаар хамтын гэрээгээрээ ҮЭ, түүний ажилтан сонгуультнаас үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог хангах, энэ хүрээнд гишүүдээс татварыг бэлэн бусаар хураах асуудлыг ажилтны зөвшөөрлийн үндсэн дээр суутган авч байгаа нь хууль зөрчөөгүй, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэж байна хэмээн үзсэн байна. 
 
Бүтэн жилийн хугацаанд эрх ашиг нь зөрчигдсөн эмнэлэг болон боловсролын байгууллагын нийт 31519 ажилтны хөдөлмөрлөх эрх ашигт хүндрэл учруулсан байна. Энэ хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан эмч, багш нарт өмгөөллийн туслалцаа үзүүлэх, тэтгэмж, хууль эрх зүйн сургалт, хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг олон үйл ажиллагаа тасалдсан аж. 
 
Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан нэр бүхий орлогч дээрх чиглэлийг гаргаснаараа хөдөлмөрийн тухай хуулийн аравдугаар зүйл буюу хамтын гэрээг хэрэгжүүлэх явцад хууль бусаар саад учруулсан гэж дүгнэсэн байна. Ийнхүү МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудаас дээрх хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэгтгэн нэхэмжлэхээ мэдэгдлээ. 
   
 
 
Г.Хулан