Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгохоор журамлав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталлаа. Уг журмын хүрээнд эхний ээлжинд Нийслэлийн шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт ипотекийн зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах аж. Зээлийн хүүг таван хувьд шилжүүлснээр Улаанбаатар хотод 18450 өрх найман хувийн зээлээс шилжин орно гэв. 

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тус сангийн 2016 төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртэлх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд заасны дагуу Монголбанктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажлыг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр явуулахыг Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгав.