АСЕМ хаяанд ирлээ

АСЕМ-ийн хурлууд ирэх сараас эхэлнэ. Тодруулбал, уг уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт ирэх сарын 21-23-нд манай улсад болох гэж байна. 
 
Үүнтэй холбогдуулан уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны гишүүд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломатчид олон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзаж, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. 
 
Уулзалтын албан ёсны урилгыг түнш орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт илгээсэн бөгөөд одоогоор 20 орны 90 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Мөн энэ хүрээнд www.asep9.parliament.mn цахим хуудсыг ажиллуулж байгаа аж. 
 
АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтын хүрээнд нийт есөн дагалдах уулзалт, хурал болох юм. Тодруулбал, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ийн Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ийн Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно.
 
Харин долдугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ийн Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний наймдугаар уулзалт, АСЕМ-ийн Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болно.