Хөрөнгө оруулагчид Африкаас зугтаж байна

Саяхан л хөрөнгө оруулагчид маш ихээр зорьдог байсан Африкаас хөрөнгө оруулагчид олноороо дүрвэх боллоо. Унаж буй түүхий эдийн үнэ, Хятадын удаашрал болон бодлогын асуудлууд зэрэг нь хөрөнгө оруулагчдыг Африкийн хөгжиж буй зах зээлүүдэд хөрөнгө оруулах нь зөв эсэх талаар дахин бодоход хүргэж байгаа аж.
 
Шинэ он эхэлснээс хойш Африкийн хамгийн том эдийн засаг болох Нигерийн үндсэн хөрөнгийн индекс 14 хувиар унасан нь нэг талаараа унаж буй газрын тосны үнэтэй холбоотой юм. Замбийн экспортын орлогын 70 гаруй хувийг зэсийн экспорт бүрдүүлдэг учир тус улс Хятадын эрэлтийн удаашралын нөлөөг хүчтэй мэдэрч байгаа бөгөөд тус улсын "S&P" индекс 45 хувиар буурчээ.
 
Үүнээс гадна Ангол, Нигери болон Экваторын Гвиней зэрэг улсын экспортын орлогын 90 хувийг газрын тосны экспорт эзэлдэг. Сангийн менежерүүд хэлэхдээ Африкийн улсууд сүүлд болсон түүхий эдийн оргил үеийн давуу талыг ашиглаж, үйлдвэржилтэд зарцуулж чадаагүйн улмаас хөрөнгө оруулагчид тус бүс нутгийг орхих болж байна гэж байгаа аж.
 
Харин зарим нь чиг хандлагын эсрэг зогсож чадаж байна. Африкийн хамгийн төрөлжсөн эдийн засаг болох Кени болон дэлхийн какаоны топ үйлдвэрлэгч Зааны Ясан эрэг зэрэг улс хөрөнгө оруулагчдыг татаж чадсаар байна.

О.Түвшин