Б.Шаравсамбуу: Хатуу валютаар гадагш хийх худалдаагаа нэмэгдүүлэх ёстой

УИХ-аар хэлэлцэж буй худалдааны тухай хуулийн төслийн талаар эдийн засгийн ухааны доктор Б.Шаравсамбуутай ярилцлаа. 1979-1990 онд Монгол Улсын Худалдааны сайдаар ажиллаж байсан тэрбээр салбарын өнөөгийн байдлыг “Цэг салбарын хөгжил хүний тоогоороо өсч хөгжөөд байгаа ч нарийн стандарт тал дээр хөгжөөгүй байна” хэмээн харж байна. 
 
-Манай улсын худалдааны салбар өнгөрсөн хугацаанд нэгдсэн хууль үгүй явж ирлээ. Гэхдээ өнгөрсөн үеэс авах, гээх зүйл бийг энэ салбарт олон жил зүтгэсэн хүмүүс хэлдэг. Тэдний нэг болох та улсын худалдааны салбарын хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ? 
 
-Монгол Улсад үндэсний зохион байгуулалттай худалдаа үүсч хөгжсөн түүх тэртээ 1921 арванхоёрдугаар сараас үүдэлтэй. Тухайн үед үндэсний эдийн засгийг хөгжүүлэх гол асуудал нь эргэлтийн хүрээг төрийн хяналтад зохион байгуулалттайгаар хийх ажил тулгамдсан. Үүнээс үүдэн тухайн үеийн нэр нөлөө бүхий 116 хүн Монгол Улсын анхны хоршоог үүсгэн байгуулсан түүхтэй. Хойд хөрштэй худалдааны талаар олон гэрээ хэлэлцээр байгуулсан. Тэр үеийн зөвлөлтийн худалдааны пүүсүүд Монголд нээгдэж, бараа таваараа худалдаалж эхэлсэн. Үүнээс өмнө буюу XX зууны эх XIX зууны үед Монголд Хятад, Англи, Франц, Америкын олон пүүс хүн ам олноор төвлөрсөн Да Хүрээ, Улиастай, Ховд, Увс зэрэг газарт худалдаа эрхэлж байсан. Энэ үед тэд бараа, таваараа манайд ирж худалдан малын гаралтай арьс шир, ноос ноолуур болон ангын гаралтай бүтээгдэхүүн худалдан авч гадаадад гаргадаг тогтолцоотой байв. Ингээд үндэсний худалдаа үүссэнээс хойш хоршоодын холбоо байгуулагдаж улсын хэмжээнд анхан шатны хоршоодыг тэр үеийн аймаг, хошууд одоогийн сумдад байгуулах явц 10 гаруй жил үргэлжилсэн. 1934 оноос төрийн өмчит улсын худалдааны байгууллагууд үүсч эхэлсэн.
 
Мөн малчдаас малын гаралтай түүхий эдийг худалдан авч эх орны үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг, экспортод худалдаалдаг тогтолцоо 40 орчим жил оршин тогтносон. Үүний дараа 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараа өмч хувьчлалаар худалдаа бэлтгэлийг улсын бүх систем хувьчлагдсан. Үүнээс хойш шинээр худалдааны үйл ажиллагааг зохицуулсан хууль байгаагүй. Хувьчлалын нэг хэсэг 1990 оны сүүл хүртэл ганзгын наймаагаар гадаадаас бараа татаж авдаг иймэрхүү зохион байгуулалт муутай хэлбэрээр хүн амд бараа түгээдэг тогтолцоотой үргэлжилсэн. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх асуудал ченжүүдийн гарт шилжиж, нэгдсэн зохион байгуулалтгүй болсон.
 
Ийм байдлаар худалдааны салбар хөгжиж ирлээ. Худалдаа бэлтгэлийн салбар хувьчлагдснаас хойшхи өнгөрсөн 20 гаруй жилийн түүхийг эргээд авч үзэхэд өдгөө худалдаа үйлчилгээний цэг салбарууд олширсон боловч сүүдрийн буюу албан бус эдийн засаг нэлээд цэцэглэсэн. Барааны үнэ нэлээд чөлөөтэй тавигдаж, нэмэгдсэн зэрэг сөрөг талууд гарсан. Үүнийг зах зээлийн харилцаанд оруулж, төлөвшүүлэх, худалдааны нэлээд цэгцтэй орчинтой болохын тулд худалдааны хуультай болох нь зайлшгүй зүйтэй. 
 
-Тэгвэл худалдааны хууль гарснаар юу шийдэгдээсэй гэж энэ салбарынхан хүлээж байгаа вэ? 
 
-Монгол Улс худалдааны тухай хуультай болох гэж байгаа нь маш сайн. Нөгөө талдаа төрийн захиргааны төв байгууллагуудын худалдааны бүрэн эрхийг зааглаж тогтоож өгч байгаа явдал. Гэхдээ зайлшгүй шийдэх ёстой нэг асуудал бол худалдаа эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэгт маргаантай байгаад байгаа юм. Одоогийн байдлаар хуулийн төсөлд худалдаа эрхлэгч гэж гадаад дотоодын иргэн, хуулийн этгээд байхаар заасан. Өнөө үед худалдаа эрхлэгч гэх ойлголт нь захын нэг лангуун дээр зогсож байгаа хүнийхээс арай өөр томъёолох ёстой. Худалдаа эрхлэгч нь заавал хуулийн этгээд байх ёстой. Гадаадынх байж болно. Өөрөөр хэлбэл, санхүү үйл ажиллагааныхаа тайланг Монгол Улсын татварын байгууллагад тайлагнадаг, татвараа зохих ёсоор төлдөг хуулийн этгээд худалдаа эрхлэх ёстой. 
 
Мөн барааны үнийн асуудалд цэг тавиасай гэж хүлээж байна. Хэдий үндсэн хуулинд заасны дагуу бизнес эрхлэгч бараа үйлчилгээний үнийг өөрөө тогтоох эрхтэй ч энэ үзэл санааны хувьд үнийг зохион байгуулалтгүй орхисноос болж бараа, таваарын үнэ үндэслэлгүйгээр их нэмэгдэж иргэдэд дарамт болсон. Үүнийг зохих хэмжээгээр цэгцлэх ёстой. Өнөөдөр худалдааны нэгдсэн сүлжээний зохион байгуулалт тааруу болсноос үүдэн жижиглэн худалдааны байгууллагууд барааг нэгээс нөгөөд дахин дамжуулж үнэ нэмдэг буруу тогтолцоо бүрэлдээд байна. Тухайлбал, хүнсний жижиг дэлгүүрүүд дээрх барааны үнээ үйлдвэрээс гарсан үнээс даруй 40-50 хувиар нэмдэг замбараагүй байдал бий болоод байна. Үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах ёстой бөгөөд бусад оронд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн хүчийг дайчилдаг. 
 
-УИХ-д өргөн бариад буй хуулийн төсөлд ийм төрлийн заалт орсон юм уу? 
 
-Одоогийн хуулинд тусгаснаар үнийн мэдээллийн санг үүсгэнэ гэж орсон байна лээ. Энэ санг төрийн захиргааны төв байгууллага яам дээр бий болгохоор хуульчилсан байна. Би үүнтэй санал нэгдэхгүй байгаа. Одоогийн зах зээлийн нөхцөлд энэ бол яамны хийх ажил биш. Яам ийм улсын хэмжээнд анхдагч мэдээллийг цуглуулахад ач холбогдол муутай. Анхдагч мэдээлэл нь сум, дүүрэг, аймаг, хотын түвшинд хийгдэж, тэндээ зохицуулагддаг эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон өрсөлдөөнийг дэмжих тухай хуулинд үүнийг оруулж өгөх нь зүйтэй. 
 
-Энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд худалдааны хуулийг хэр урт настай хууль гэж харж байна вэ? 
 
-Энэ хууль маш урт настай, удаан хугацаанд үйлчлэх хууль байх ёстой. Худалдаа нь зах зээлийн нийгэмд эцэс төгсгөлгүй удаан хугацаанд байх гэсэн үг. Ийм байлгахын тулд олон дахин бие биенээсээ дамлан худалдаалдаг явдлыг зогсоох хэрэгтэй. Европын орнуудад барааны үнэд хяналт тавьдаг болсон байна. Тухайлбал, бөөний худалдааны байгууллага үндсэн өртөг дээр хэдэн хувиар үнэ нэмж болох, түүнээс авсан байгууллага 20 хувиас хэтрүүлэхгүй гэх жишээний хязгаарлалтыг тогтоож өгсөн. Үүнийг манайд хийх хэрэгтэй. Худалдаа эрхлэгчдэд үнийг нь дээрээс шууд тогтоож зааж болохгүй. Харин хязгаарыг нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээгээр тогтоож өгөх хэрэгтэй. 
 
-2016 онд эдийн засгийн хувьд хүнд жил болно гэж байна. Энэ хүдрэлээс хэрхэн гарч болох вэ?
 
-Би бас тэгж бодож байна. Маш хүнд жил болох нь. Монгол Улс энэ хүндрэлээс гарахын тулд экспортыг нэмэгдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хатуу валютаар гадагшаа хийх худалдаагаа нэмэгдүүлэх ёстой. Нүүрс, зэс, мах гэх мэт. Ингэхгүй бол бусад бүх салбар унаад байна. Гадаад худалдааг хөгжүүлэхийн тулд уул уурхайн салбарт нэлээд анхаарч байна. Харамсалтай нь урд хөршийн болоод дэлхийн эдийн засгийн хямрал, түүхий эдийн үнийн уналтаас болж энэ бол бидний хүссэнээр өсч өгөхгүй нь. Тэгвэл үүний цаана бидний уламжлалт эдийн засгийн салбар болох мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулалтын чанарыг нэмэгдүүлж үнийг өсгөх нь хойшлуулахгүй анхаарал тавих асуудал. 1990 оноос өмнө мал ахуйн гаралтай бүтээгдэхүүн л худалдаалдаг байсан. Өнөөдөр үүнийг орхигдуулсан байгаа ч хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх замаар шийдэх ёстой. Ингэж байж сэргэнэ. Дотооддоо хувийн хэвшлийг дэмжих асуудлыг тууштай дэмжих хэрэгтэй. 
 
 

Г.Орхон