АНУ-ын ерөнхийлөгчийн сунгаа

Гуравдугаар сарын 1-нд АНУ-ын хэд хэдэн мужид намын сунгаа болсон ба тус өдрийг "Супер Мягмар гариг" хэмээн нэрлэж байна. Хилари Клинтон долоон мужид ялалт байгуулж 1052 төлөөлөгчийн саналыг авч өөрийн намын өрсөлдөгч Берни Сандерсийн дөрвөн муж, 427 төлөөлөгчийн саналаас илүү байгаа нь Ардчилсан намаас ялж гарч ирэх хамгийн өндөр магадлалтайг илтгэж буй. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд нийт 2383 төлөөлөгчийн санал хэрэгтэй юм.

Харин Бүгд Найрамдах намын Мягмар гаригт болсон 11 сунгааны долоод Доналд Трамп ялалт байгуулснаар тэргүүлж буй бөгөөд нийт 319 төлөөлөгчийн саналыг цуглуулж чаджээ. Одоогоор хоёрдугаар байранд Техас мужын сенат Тед Круз явж байгаа ба Мягмар гаригийн сунгаанд гурван мужид ялалт байгуулж 226 төлөөлөгчийн саналыг авсан байна.
 
Флорида мужийн сенат Марко Рубио ердөө нэг мужид ялалт байгуулж нийт 110 төлөөлөгчдийн саналтай болсон байна. Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд нийт 1237 төлөөлөгчийн санал хэрэгтэй.
 
 
 
О.Түвшин