О.Чулуунбат агсныг эцсийн замд үдлээ

Монгол Улсын эдийн засгийн салбарт  гялалзаж явсан нэгэн од бурхны оронд одлоо. Энэ бол Монголбанкны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан Очирбатын Чулуунбат. Тэрбээр энэ сарын 6-ны өглөө хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. 
 
Талийгаач О.Чулуунбаттай түүний ар гэрийнхэн болоод найз нөхөд, хамт ажиллаж байсан хамт олон нь өнөөдөр өглөө Дуурь бүжгийн эрдмийн театрт салах ёс хийн, эцсийн замд нь үдэв.  
 
Улсын шилдэг эдийн засагчдын нэг тэрбээр 1958 онд Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт мэндэлсэн. 1975-1976 онд ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, 1976-1981 онд Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр бакалавр, 1966 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийг Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 
 
Хөдөлмөрийн гараагаа 1981-1987 онд Улсын Банкны ерөнхий хорооны Гадаад тооцооны газар ахлах эдийн засагч, референтээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1987-1990 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкинд Ахлах зөвлөх, ахлах дилер, 1990-1991 онд Улсын Банкны ерөнхий хорооны даргын зөвлөх, 1992-1993 онд ХОТШ банкны нэгдүгээр орлогч захирал, 1993-1996 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 1996-2000 онд АНУ-ын Нью-Йорк хотноо Салес Капитал маркет пүүст ахлах трейдэрээр ажиллаж байсан.
 
Мөн 2000-2006 онд Монголбанкны ерөнхийлөгч, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, 2014-2015 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм. 
 
О.Чулуунбат агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.