Түрээсийн орон сууцны бүртгэл энэ сарын 21-нд эхэлнэ

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 21-нээс бүртгэх талаар Төрийн орон сууцны корпорациас өнөөдөр мэдээллээ. ТОСК-ийнхан иргэдийг арав хоногийн турш бүртгэх бөгөөд ингэхдээ зорилтот бүлгээс хамааран өөр өөр өдөр бүртгэнэ гэдгийг тэд мэдэгдэв. Эхний ээлжид бүртгэл, сугалааг Дархан-уул аймагт явуулж турших юм байна. Дараа нь нийслэлд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Нийслэлийн иргэд “Буянт Ухаа-2” хорооллын 350 байранд бүртгүүлэх бөгөөд ам.метрын үнэ нь 5000 төгрөг байхаар тогтжээ. Тус байранд бүртгүүлж буй иргэдийн тоо их байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд сугалаа явуулах аж. Бүртгэл дуусч, иргэдийн материалыг шалгаж дууссаны дараа сугалаа явуулах товыг олон нийтэд зарлана гэв. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  
Дархан Уул аймагт энэ сарын 14-18-нд, Увс, Ховд, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад энэ сарын 21-25-нд бүртгэл хийн, сонгон шалгаруулалтыг явуулна. Аймгууд дахь бүртгэлийг орон нутгийн ТОСК хариуцан хийх аж. 
 
Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд тэргүүнд Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан ерөнхий журмын дагуу шаардлагатай материалыг бүрдүүлэх аж. Үүнд:
  • Цахим үнэмлэхийн хуулбар  
  • Оршин суугаа хаяг болон ам бүлийн талаарх тодорхойлолт
  • Байр түрээслэхийг хүссэн өргөдөл, орлого тодорхойлох баримт бичиг
  • Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан материалуудыг бүрдүүлж харьяа аймаг, нийслэлийнхээ төрийн өмчит орон сууцын корпораци эсвэл аймаг, сумынхаа Засаг даргад хүсэлтээ тавих эрхтэй.
Мөн ТОСК-иас гарсан зорилтот бүлэг тус бүрээс шалтгаалан нэмэлт бичиг баримт бүрдүүлэх юм байна.