Мальдив "малгайтай" ITB Berlin 2016

Жил бүр 187 орны 100 мянга гаруй хүн зорин ирдэг И Тэ Бэ /ITB Berlin/ аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнг энэ жил 50 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жил нийт 10.000 аж ахуй нэгж, хувь хүн өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлахаар Берлин хотноо ирээд байна. Жил бүр нэг орон онцлох улсаар оролцдог ба түрүү жил Монгол улс байсан бол энэ удаа Мальдив өөрсдийгөө давуу эрхтэйгээр сурталчилж байна. /И Тэ Бэ үзэсгэлэнгийн 2016 оны түнш орон Мальдивийн үзэсгэлэнгийн танхим дахь сурталчилгааны талбай Зураг 1/

Монгол Улс 2015 онд түнш орон байсан учир нэлээд өнөр бүрэлдэхүүнээр оролцож, өргөн хүрээнд үйл ажиллагаанууд зохион байгуулж байсан. Өнгөрсөн жил 16 компани оролцож байсан бол энэ жил хувь, хувьсгалын нийлээд найман байгууллага оролцож байна. Манай улсаас БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг аялал жуулчлалын салбараа төлөөлөн мөн оролцож байгаа бөгөөд өчигдөр  үзэсгэлэнд өөрсдийгөө сурталчилж буй Монголын талбайг нээж үг хэллээ. Тэрбээр энэ үеэр УИХ-ын хаврын чуулганаар аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн хувилбарыг хэлэлцүүлж батлуулна гэдгийг хэллээ. Мөн ирэх аравдугаар сард Монголд зохион байгуулагдах “Silk Road” олон улсын хуралд Мэссе Берлин группын даргыг урьжээ.
 
И Тэ Бэ аялал жуулчлалын үзэсгэлэнгийн 26-р танхим дахь Монголын сурталчилгааны талбай /Фотог Д.Наранцэцэг/ 2016.03.09
 
И Тэ Бэ үзэсгэлэнгийн үндсэн арга хэмжээ өчигдөр албан ёсоор эхэлсэн бөгөөд Мальдив улс нээлтийн тоглолтыг хийлээ. Тус үзэсгэлэн энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ. Мальдив тус үзэсгэлэнд өөрсдийгөө тогтвортой аялал жуулчлалын тод жишээ болон хөгжинө хэмээн танилцуулж байна. Аяллын  салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх үйл ажиллагааг улам хөхиүлэх үүднээс энэ жилийн И Тэ Бэ Аялал 4.0 гэх ойлголтод анхаарлаа хандуулж байна. Үүний тод жишээ нь үзэсгэлэнгийн урд талын үүдэнд байрлуулсан Тошиба компанийн хүн төст робот юм. Тус робот нь зочдод үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөх, угтах үүрэгтэй хүлээн авах ажилтан юм. Мөн “И Тэ Бэ Хятад” хэмээх үзэсгэлэнг зохион байгуулахаар болсноо энэ жил албан ёсоор зарласан нь Хятадын зах зээлд ямар их ач холбогдол өгч буйг мөн харуулж байна. Тус үзэсгэлэнгийнхний зүгээс энэ удаад ч Соёлын аялал, ЛГБТ  (Лесби, Гей, Бисекс, Трансжендер) аялал гэх сэдэвчилсэн аяллын бүтээгдэхүүнүүдэд түлхүү анхаарч, сурталчилж байна. 
 
МальдивДалайн гялтганасан цагаан элст эргүүд, оюу ногоон өнгийн далайн тасархай хэсгүүд, тэнгисийн гүн рүү шумбах өвөрмөц орчныг санал болгодог энэ улсыг газрын диваажин гэж нэрлэдэг. Энэтхэгийн далайд орших арлын энэ улс И Тэ Бэ үзэсгэлэнд 1984 оноос хойш оролцож байгаа бөгөөд байгальд ээлтэй, хяналт зохицуулалт өндөртэй аялал жуулчлалын хөгжлийн загвар болж буй орон.
Мальдив ойролцоогоор 1190 шүрэн арал болон 26 гинжин арлуудаас тогтсон, Азийн хамгийн жижиг улсуудын нэг. Тус улсын цаг агаар 23-31 хэмийн хооронд хэлбэлзэх халуун орны уур амьсгалтай. Мальдив улсын албан ёсны хэл Дивэхи хэдий ч 1960 онд боловсролын тогтолцоондоо Англи хэлийг багтаасан учир өдгөө иргэд нь англиар чөлөөтэй харилцдаг. Эдийн засгийн гол салбарууд нь загас агнуур мөн сүүлийн үед аялал жуулчлал нэлээд хүчээ авч буй. Хүнсний гол үндсэн бүтээгдэхүүнүүд нь далайн гаралтай хүнс тэр дундаа туна загас, наргил жимс , цагаан будаа.  Мальдив аялал жуулчлалаа хөгжүүлэх үүднээс олон улсын онгоцны буудлаа өргөтгөж, хойд, урд хэсэгтээ зочид буудал, амралтын газруудыг нэмж барьж байгаа. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш их зүтгэл гаргадаг Мальдив сэргээгдэх эрчим хүчийг түлхүү олборлон хэрэглэдэг. 
 
Өнгөрсөн жил И Тэ Бэгийн 160.000 ам.метр бүхий 26 танхимд нийт 175.000 хүн орж, гарсан гэх баримтыг тус үзэсгэлэнгийн судалгааны хэсгээс мэдээлсэн байдаг. Үүний гуравны хоёр нь буюу дийлэнх нь гаднаас тус үзэсгэлэнг зорьж ирсэн зочид байжээ. Тус үзэсгэлэнд ирсэн зочид нэг өдөрт 17 км алхдаг байна.  Товчхондоо, И Тэ Бэ бол бүх дэлхийгээр нэг дор зочлох боломж байдаг. Өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг сурталчлахаар ирсэн оролцогчид өөрийн орны өнгө төрхийг харуулсан өвөрмөц тохижилтоор оролцогчдын нүдийг хужирлаж, ороод гарахыг уриалдаг. Мөн үзэсгэлэнд оролцогчид олон улс даяар хамтарч ажилладаг түншүүдтэйгээ уулзаж, шинэ түнштэй болохоор ирдэг.
 
Мэссе Берлиний гаргасан статистик мэдээллээс үзэхэд тус үзэсгэлэнгийн үеэр хийгдсэн нийт борлуулалт өнгөрсөн жилийнхээс өсч, 6.7 тэрбум еврод хүрчээ. Мэссе Берлин хэмээн групп дор байдаг компаниудын нийт жилийн орлого 238 сая еврод хүрсэн нь 2013 оныхоос 27 хувиар өссөн үзүүлэлт аж.  Өнгөрсөн жил Мэссе Берлиний зохион байгуулсан 102 арга хэмжээнд хоёр сая гаруй хүн оролцжээ. Энэ жил зохион байгуулах томоохон арга хэмжээнүүд гэвэл Олон улсын ногоон долоо хоног /1.15-24/, Жимсний Ложистик /2.3-5/, И Тэ Бэ Берлин /3.9-13/, Олон улсын үйлдвэрлэгч, жижиглэнгээр бараа худалдаалагчдын  IFE /9.2-7/. Мэссе Берлин нь үзэсгэлэн, хурал зохион байгуулдаг дэлхийн ТОП 10 компанийн нэг гэгддэг.  1966 оноос хойш зохион байгуулж буй И Тэ Бэ дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хувьд энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. 

Берлин хотын саалийн үнээ
 
Берлиний эдийн засгийн бүтэц нэлээд сайн төрөлжсөн бөгөөд олон жилийн түүхт үйлдвэрлэгчид, хүчтэй жижиг дунд үйлдвэрлэл, эрчтэй үйлчилгээний салбар мөн инноваци сайтай өндөр технологи бүхий бизнесүүдээр тодорхойлогддог.  Тэр дундаа аялал жуулчлалын салбар нь тус хотын аль ч бизнесүүдээс илүү өндөр өсөлтийг үзүүлдэг. Гаднын иргэдийн тус хотод үдэллээд буцах ор хоногийн тоо жил бүр өмнөх рекордоо эвддэг ба өнгөрсөн онд л гэхэд 28.7 саяд хүрснийг Берлиний Статистикийн газраас мэдээлж байв. 
 
Берлин нь Европтоо хүмүүсийн хамгийн их зочилдог ТОП 3 хотын нэг бөгөөд аялахаас илүүтэй бизнесийн зорилгоор ирж буй гаднынхан дийлэнх болдог онцлогтой. Тодруулбал, Берлин дэлхий даяарх хурал чуулган, үзэсгэлэнгийн зах зээлд гол тоглогчдын нэг. Аялал жуулчлал, уулзалтууд нь Берлиний эдийн засгийн оргил нь бөгөөд энэ үеэр бий болдог түр ажлын байр л гэхэд хэдэн зуун мянгаар тоологддог. 
 
2014 онд Берлин хотноо зохиогдсон 131.000 арга хэмжээнд оролцох зорилгоор нийт 11 сая хүн ирсэн нь  өмнөх жилээсээ гурван хувиар өссөн үзүүлэлт байжээ. Берлиний зочид буудлуудын гуравны нэг нь тэр олон хурал чуулганаас үүдэн бий болж, тэдний хүчинд оршин тогтнож буй. Хурал чуулганы зах зээл нь өдгөө зочид буудлуудын төдийгүй Берлиний эдийн засгийн гол тулгуур багануудын нэг болоод байгаа юм. 
 
“VisitBerlin”-ий захирал Бурхард Кикер “Нэг өдөрт болдог дунджаар 360 арга хэмжээ нь 30.000 оролцогчыг хамардаг Берлин хотын энэ зах дээрх байр суурийг тод илтгэнэ” хэмээсэн байдаг.
 
Берлин нь хотын аялал жуулчлалын хувьд хамгийн өндөр үзүүлэлттэй хотуудын нэг. Томоохон арга хэмжээг хотдоо зохион байгуулах бүрт аялал жуулчлалын салбар нь илт өндөр өсөлт үзүүлдэг. Тухайлбал UEFA-ын Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Берлинд өнгөрсөн жил болсон бөгөөд энэ үеэр нийт 5.8 сая хүн ирж 13.8 сая өдрийг өнгөрүүлжээ. Үүний дүнд 2015 оны эхний хагаст гаднын гийчдийн тоо өмнөх оны мөн үетэй нь харьцуулбал 8.5 хувиар өссөн аж. Аялал жуулчлалын өндөр өсөлттэй уялдуулан тус улсад дэлгүүр хэсч бараа бүтээгдэхүүн худалдан авах нь ч нэмэгдэж дэлгүүрүүд эгнэсэн гудамжууд хүрээгээ тэлсээр. Хүн амын тоо болон аялал жуулчлалд гарч буй тэсрэлтэт өсөлт нь 200.000 хүнийг шинээр ажлын байртай болоход тусалж буй.