100 жилд дахин Монголд болохгүй арга хэмжээ

Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд болох эхний арга хэмжээ буюу Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт ирэх сарын 21-22-нд Төрийн ордонд болно. Энэ үеэр улс төр, эдийн засаг болон нийгэм, соёлын асуудлуудыг хэлэлцэх хоёр салбар хуралдаан, төгсгөлийн баримт бичиг батлах нэгдсэн хуралдаан тус тус болох аж. Одоогоор 23 орны 100 гаруй төлөөлөгч уулзалтад оролцохоо мэдэгдээд байна. 
 
Уулзалтын албан ёсны урилгыг АСЕМ-ийн гишүүн орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт илгээжээ. Харин бүртгэл энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд ажлын хэсгийнхний тооцоолж буйгаар нийт 250 гаруй төлөөлөгч ирэх гэнэ. 
 
Тэдний мэдэгдэж буйгаар уулзалт болох төрийн ордны их танхимын засварын ажил дуусч, орчуулга, дуу дүрсний тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ажил үргэлжилж буй. Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтаар гарах төгсгөлийн баримт бичигт улс төр, эдийн засаг болон нийгэм, соёлын асуудлуудын хүрээнд гишүүн орнуудын санал хүсэлт, шийдлийг оруулах бөгөөд Монгол Улс зохион байгуулагч орны хувьд өөрийн ашиг сонирхол болоод бүс нутгийн хэмжээн дэх санаачлага зэргээ тусгах боломжтой аж. Түүнчлэн төсгөлийн баримт бичгүүдийг долдугаар сарын 15-16-нд чуулах АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх уулзалтаас гарах “Улаанбаатарын тунхаг бичиг”-т тусгах юм байна. 
 
АСЕМ-ийн уулзалтаар ирэх 4000 гаруй төлөөлөгч виз олгох ажлын хэсэг байгуулж, төлөөлөгчдийг визний хураамжаас чөлөөлөхөөр төлөвлөн, визийг Гадаад харилцааны яам болон хилийн боомтод олгохоор болсон. 
 
Тус уулзалтыг зохион байгуулах эрх авсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын гадаад бодлого, нэр төр, бидэнд итгэх итгэл дэлхий дахинд хэр зэрэг өсч, АСЕМ-ийг зохион байгуулах жинд тэнцсэнийг харуулж буйн илэрхийлэл” хэмээсэн. 
 
АСЕМ нь Ази-Европын 51 орон, хоёр олон улсын байгууллагаас бүрддэг, хоёр жилд нэг удаа гишүүн орнуудад ээлжлэн болдог гээд бодохоор ойрын 100 жилд манай улсад дахин болохгүй том арга хэмжээ болохыг иргэд сайтар ойлгохыг ерөнхийлөгч хүсч буйг энд тэмдэглэе.