Орон нутагт интернетийн хурд нэмэгдэж, үнэ буурав

Өнөөдрөөс орон нутагт интернетийн хурд нэмэгдэж, үнэ нь гурав дахин буурлаа. Тухайлбал, урьд нь 1Mbps /мегабит пер секунд/ хурдтай интернетийг орон нутгийн иргэд 55 мянган төгрөгөөр авч хэрэглэдэг байсан бол одоо 13 мянган төгрөгийн үнэтэйгээр хэрэглэхээр болов. 
 
Орон нутагт интернетийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар түгээх ажлын хүрээнд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК нь сүлжээний өргөтгөлийн бэлтгэл ажлыг хангаж, одоогоор Архангай, Баянхонгор тэргүүтэй 16 аймгийн төвийг 1 Гбит/с /гегабит секунд/ багтаамжтай холбоод байна. Харин Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай, Увс зэрэг аймгыг ирэх сарын 1-ны дотор холбох аж.  
 
Монголын цахилгаан холбоо компанийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай “Улс орон даяар мэдээлэл хэдий хурдан хугацаанд түгээнэ тэр хэмжээгээр тухайн улс хөгждөг. Энэ утгаараа аймаг, сумдын иргэд өмнө нь 300 Kbps /килобит пер секунд/-ийн хурдтай интернетийн хэрэглээтэй байсан бол энэ хурдыг нэмж, үнийг бууруулснаар хэрэглэгчид мэдээллийг улам шуурхай хүртэх боломжтой болох юм. Мөн бид 21 аймгийн нийт 257 сумд интернетийг хүргэж байгаа бөгөөд тэдэнд нийслэлийн иргэдтэй ижил хурдтай интернет хэрэглэх нөхцөл боломжоор хангахаар ажиллаж байна” гэв.  
 
Мэдээлэл холбооны сүлжээ компанийн сүлжээний багтаамж өнөөдөр ийнхүү нэмэгдэж, интернетийн бөөний үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшлэхээс гадна газарзүйн байршлаас үл хамааран интернетийн үйлчилгээг ижил үнээр хүргэх, интернетийн хэрэглээ өсөн нэмэгдэх боломж бүрдэж байгаа аж. 
 

Г.Хулан