ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ жил Дорноговийг онцолно

Монгол Улсын 21 аймгаас төдийгүй хойд, урд хөршийн аялал жуулчлалын салбарынхнаас ач холбогдол өгч оролцдог ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын сүүлээр болох гэж байна.
 
Өдгөө  17 дахь жилдээ зохион байгуулах гэж буй тус өнгөрсөн жил БНХАУ, ОХУ, нийслэлийн 21 аймгийн төлөөлөл болон үндэсний 153 аж ахуйн нэгж оролцсоноос гадна 5000 гаруй зочид төлөөлөгч, худалдан авагч, сонирхогчид ямар нэг байдлаар хамрагджээ. Зохион байгуулагчид 2013 оноос үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд өмнөх жилүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Архангай аймгууд түншээр оролцож, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон бол энэ жил Дорноговь аймаг түнш аймгаар ажиллаж буй. 
 
Үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр олон нийтэд хаалттайгаар зохион байгуулж төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээг хийх өдөрлөг болно. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар бол хөрш орнуудын аяллын бизнес эрхлэгч байгууллагуудын 100 шахам төлөөлөл, Монголын талаас 300 гаруй төлөөлөл хүрэлцэн ирэх учир харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах боломжоор хангагдах аж. Цаашлаад жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын илтгэлийг сонсох, саналаа хуваалцах юм байна. 
 
Энэ жилийн үзэсгэлэн өмнөх оныхтой харьцуулахад арга хэмжээ, цар хүрээний хувьд илүү өргөн болж буй учир хоёр бус гурван өдөр үргэлжилнэ. Тухайлбал, нэрийн хуудас солилцох арга хэмжээг энэ жил үзэсгэлэнгийн үеэр шинээр хөтөлбөрт багтаан зохион байгуулж байгаа. Үүний зэрэгцээ гурван улс хоорондын “Цайны зам” хэлэлцүүлэг,  Хүний нөөцийн сэдвээрх хэлэцүүлэг, тусгай сонирхлын аялал жуулчлалын боломжит шинэ бүтээгдэхүүнийн талаар хэлэлцэх юм байна. 
 
ITM үзэсгэлэнгийн эхний өдөр буюу 25-нд
  • Нэрийн хуудас солилцох арга хэмжээ буюу “tourism speed networking”  
  • Нислэгийн хуваарь санал болгох шинэ чиглэл үйлчилгээний танилцуулга
  • Шинэ зочид буудал, үйлчилгээний танилцуулга
  • “Алтаргана-2016” наадмын талаар мэдээлэл өгнө 
  • Цайны зам ба аялал жуулчлал хэлэлцүүлэг

ITM үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр буюу 26-нд

  • Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн асуудлаарх хэлэлцүүлэг /Тур оператор, гэр бааз, зочид буудал, хөтөч тайлбарлагчийн төлөөлөл/
  • Тусгай сонирхлын аяллын маршрут хөтөлбөрийн танилцуулга /Бага оврын онгоц болох рафтингийн усан аялал /
  • Төрөлжсөн сургалтууд /Аялал жуулчлалын маркетинг, сошиал сурталчилгаа, Эдийн засгийн ил тодын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой танилцуулга/
  • Жуулчны байр сууцны инженерийн цогц шийдэл, шинэ дэвшилтэт технологийн талаар мэдээлэл өгч танилцуулна. 
 
ITM үзэсгэлэнгийн гурав дахь өдөр буюу 27-нд
  • Аялал жуулчлалын чиглэлээр их дээд сургууль, коллеж, МСҮТ болон түр сургалт төгссөн болон суралцаж буй оюутан залуус, жолооч хөтөч, тайлбарлагчдыг аялал жуулчлалын аж ахуй нэгжүүдтэй холбох арга хэмжээ
  • Аймгуудын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна