Германд Улаанбаатарыг сурталчлав

Дэлхийн 186 орны 10 мянга гаруй байгууллага оролцдог "И-Тэ-Бэ Берлин" үзэсгэлэн 50 дахь удаагаа болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд манай улс 1989 оноос эхлэн оролцсон бол Улаанбаатар хотыг бие даасан аялал жуулчлалын зорих газар болгон таниулах ажил хоёр дахь жилдээ хийгдэж байна.
 
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ХК,  туроператор зургаан компани, үндэсний урлагийн хамтлаг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зургаан хоногийн турш улс, хотын аяллын мэдээлэл өгч, сурталчилгаа явуулж ажиллалаа.
 
Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс 100 ам.дөрвөлжин талбайд тохижилт хийсний 1/3 хэсэгт Улаанбаатар хот, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёлын арга хэмжээнүүдийг сурталчилжээ. Үзэсгэлэнгийн үеэр болдог олон улсын хурал, семинаруудын онцлох чиглэл нь мэдээллийн технологи, жуулчдын аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал байв. Үзэсгэлэнгийн 2016 оны түнш орноор энэ удаад Мальдив улс байлаа.