Нийслэл 9 тэрбум төгрөгөөр авто замаа шинэчилнэ

Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтыг угтан нийслэлээс авто замын шинэчлэлт болон хэд хэдэн тохижилтыг хийхээр төлөвлөжээ. Уг тохижилтын ажил энэ сарын 14-өөс эхэлсэн бөгөөд Гэндэн, Жамъян гүний гудамжны нүхтэй хавтангуудыг хуулж, хэрэггүй хайс хашлагуудыг буулгаж байгаа аж.       
 
Түүнчлэн нийслэлээс гудамж талбайн тохижилтын ажилд зарцуулах есөн тэрбум төгрөгийн хөрөнгийг гаргаж байгаа бөгөөд тохижилт хийх 13 гудамжинд байрлах аж, ахуйн нэгж байгууллагуудад “Өөрсдөө багахан хөрөнгө гаргаад тохижилтоо хийцгээе” гэсэн уриалгыг хүргүүлээд байгаа юм. 
 
АСЕМ-ын дээд түвшний уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан зочид, төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, хотын өнгө үзэмжийг сайжруулах үүднээс нийслэлийн төсвөөс дараах авто замын төслийг хэрэгжүүлэх юм. Үүнд:
  • Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
  • Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт 
  • Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил
  • Яармагийн гүүрнээс Чингис хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлгийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих 
 
 Мөн энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх VII-р хорооллын доторх хэсэгчилсэн талбайд баригдах хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий 14 м өргөнтэй зорчих хэсэгтэй зам болон хоёр талдаа 2.25 км өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэгтэй 1.2 км авто замыг нэг тэрбум төгрөгөөр тус тус шинээр барихаар төлөвлөжээ. 
 
Түүнчлэн нийслэлийн авто замын газраас 2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам, замын байгууламжийн төслийн талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тухайлбал, Хүннүгийн гудамжны 1.1 км авто замын засварын ажлыг улсын төсвөөр засах бөгөөд Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах Хонхорын 1.79 км урттай хатуу хучилттай авто замыг нэг тэрбум төгрөгөөр шинээр байгуулах юм. Мөн Орбитын уулзвараас толгойтын эцэс хүртэлх 3.6 км урттай авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гурван тэрбум төгрөгөөр хийх аж. 
 
 
Г.Хулан