Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авна

Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах болон “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төсөлд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл, "Green trends" төслийн гүйцэтгэх захирал Н.Энхбаясгалан болон "Wuhuan Engneering" компанийн төлөөллүүд оролцсон юм.  
 
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох төвлөрсөн хот суурин газруудын түлш, эрчим хүчний хангамжийг хүрээлэн буй орчны асуудалтай цогц байдлаар шийдвэрлэх аж. 
Мөн нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах судалгаа, тооцоо нь төслийн үр ашгийг үнэн зөв тодорхойлж, хөрөнгө оруулах, шийдвэр гаргах мэдээллийг агуулах бөгөөд судалгаан дээр тулгуурлан ажлын зураг төслийг боловсруулах юм байна. 
 
 Манай орны хувьд байгалийн хийг гарган авах хэд хэдэн боломж байдаг аж. Тухайлбал, нүүрсний давхаргын метан, занарын хийг олборлох, эсвэл хүрэн нүүрсийг боловсруулан нийлэг байгалийн хийг гарган авах юм. Байгалийн ийм нөөцийг ашигласнаар манай улс эрчим хүчээр бүрэн хангагдаж, агаарын бохирдлоо арилгахаас гадна байгалийн хийг экспортлох замаар дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцогч орон болох ирээдүйтэй ажээ. 
 
Иймд Монгол улсын төвийн бүсийн хүрэн нүүрсний сав газрыг түшиглэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, нийгэм эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хүрэн нүүрсний ордыг сонгож, тухайн нүүрснийхээ шинж чанарт тохирсон үйлдвэрийн технологийн сонголт хийх, үйлдвэр барих байршлыг нүүрс болон усан хангамжийн боломжтой уялдуулан тогтоох юм. 
 
Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдсанаар: 
 
- Энэхүү үйлдвэр нь өөрийн орныг хийн түлшний эх үүсвэртэй болгож, түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, хэрэглэгчдийг экологийн цэвэр түлшээр хангах. Үүгээрээ нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй агаарын бохирдлыг арилгах асуудлыг шийдвэрлэх боломжтой. 
 
- Монгол улсын түлш эрчим хүчний тэнцэлд дангаар эзэлдэг нүүрсний хэрэглээг бууруулж, нүүрснээс нийлэг байгалийн хий болон бусад дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиглах нь химийн үйлдвэр хөгжүүлэх эхлэлийг тавьж буй. 
 
Энэхүү хурлын үеэр Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү “Нүүрснээс нийлэг(синтетик) байгалийн хий гарган авах үйлдвэр нь хүрэн нүүрсний үнэ цэнийг нэмж, нүүрс химийн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн эхлэлийг тавьж байгаа юм. Мөн манай орны эдийн засгийн чадавхи бололцоог өргөжүүлэн Улаанбаатар хотын хэрэглэгчдийг цэвэр түлш, эрчим хүчээр найдвартай хангаж, агаар, хөрсний бохирдлыг бууруулан, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна” гэв. 
 
Байгалийн хий нь цэвэр, хямд түлш төдийгүй эрчим хүчний  алдагдалгүй, үр ашигтайгаар эрчим хүчийг дамжуулагч болдог учраас тив, улс дамнуулан худалдах, худалдан авах ажиллагаа явагдсаар ирсэн байна.  Ийм учраас эрчим хүч экспортлох, импортлох асуудлын хүрээнд байгалийн хий чухал байр суурийг эзэлдэг. Тухайлбал, дэлхийн 110 гаруй оронд байгалийн хийг ашиглаж байгаа бөгөөд АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлтийн 27.2 хувийг байгалийн хий эзэлж байна. Мөн ОХУ-д 50 орчим хувь, Европд 19.1 хувь тус тус эзэлдэг аж. 
 
 
   Г.Хулан