Түрээсийн орон сууцны удаах алхам

Эдийн засгийн өнөөгийн хүндрэл барилгын салбарт хямрал авчирсан ч салбарын яамныхан барилгынхнаа борлуулалт тал дээр нь дэмжих бодлого барьж байна. Учир нь өдгөө зах зээл дээр дутуу өрсөн “тетрис тоглоом” шиг саарал барилга өчнөөн болж. Өнгөрсөн оны сүүлээр 18800 гаруй барилгын илүүдэлтэй байсан бол энэ онд 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа 26 мянга гаруй айлын орон сууцыг нэмж барих төлөвтэй байна.
 
Эхний ээлжинд моргейжийн зээл болон түрээсийн орон сууцны хөтөлбөрөөр аж ахуй нэгжүүдээ дэмжих гэнэ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг зорилтот долоон бүлэгт ангилж, 350 айлын орон сууцны квот олгохоор болсон. Тодруулбал, ахмадад 350 айлын орон сууцнаас 15 хувийн квот олгох буюу нийт 52 айлын орон сууцыг хуваарилан олгох юм. 
 
Төрийн  орон сууцны корпорацийнхан хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг энэ сарын 21-нээс бүртгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 600 орчим ахмад бүртгүүлжээ. Харин өнөөдөр залуу гэр бүлүүдийг бүртгэж байна. Залуу гэр бүлийн бүртгэлд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хамрагдах юм. Энэ сарын 25-28-нд хувийн байгууллын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг бүртгэнэ. Мөн 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийг гуравдугаар 30-нд бүртгэнэ гэв. Харин харъяалах ангиллын хуваарьт өдрүүдэд бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд энэ сарын 31-нээс ирэх сарын 1-нд дахин бүртгүүлэх боломжтой аж. 
 
Тус хөтөлбөр Дархан-Уул аймагт мөн хэрэгжиж 83 айлын орон сууцанд хамрагдах иргэдийг сугалаагаар сонгоод байгаа бөгөөд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэн ашиглалтад хүлээн авсан сууцнаас олон бийг яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Батболд хэллээ. 
 
2015-2021 онд хэрэгжүүлэх Барилга, хот байгуулалтын яамны стратеги төлөвлөгөө, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу энэ хугацаанд нийт 20 мянган айлыг түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулах аж. Үүний эхлэл болгож ТОСК-ийн барьсан барилгуудаас 921 айлын орон сууцыг хамруулахаар болсон байна. 
 
Яамны зүгээс ойрын хугацаанд дахин 272 айлын орон сууц дээр түрээсийн орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэх гэнэ. Гэхдээ үүнийг түрээсийн орон сууцны одоогийн батлагдсан журмаар явуулахаас гадна иргэдэд худалдан авах нөхцөлтэйгээр байр түрээслэх боломж олгох аж. Уг хөтөлбөрийг салбарын сайд Ерөнхий сайдад танилцуулсан бөгөөд Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 
 
Барилгын салбарыг одоогийн хямралаас гаргахын тулд салбарын яамны зүгээс бодлого, эрэлт, нийлүүлэлт аль аль талаас нь зохицуулалт хийх төдийгүй төрийн оролцоо байх шаардлага бий болсон гэж үзэж байна. Тухайлбал, Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд барих 20 мянган айлын орон сууцны 1300-г нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн барьсан барилгаас хангах гэнэ. Үлдсэн 1240 айлын орон сууцыг хувийн хэвшлээс, 8640-г нь орон нутгийн оролцоот барилгаас уг хөтөлбөрт хамруулах нь. 
 
Сингапур тэргүүтэй хөгжлөөрөө толгой цохиж яваа хэд хэдэн улс түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бөгөөд энэ нь иргэдэд хуримтлал үүсгэх боломж олгодог давуу талтай. Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 253 төслийн 40490 айлын орон сууц зарлагджээ. Гэтэл орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн 83 хувь нь орон сууцны ипотекийн зээлээр авах хүсэлтэй байгаа ч зах зээлд зарлагдсан орон сууцны дундаж үнэ хоёр гаруй сая төгрөг байна. 
 
“Барилга Эм Эн” ХХК-ийн судалгааны албаны 2015 орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг үнийн зэрэглэлээр харьцуулсан судалгааны дүнгээс харахад өрхийн 70 хувь нь 1.8 сая хүртэлх үнэтэй орон сууц худалдаж авах бодит чадамжтай байхад энэ түвшинд нийлүүлэлт 18 хувь байгаа нь худалдан авах чадвар муу байгааг илтгэж буй. Нөгөө талд, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар өрхийн сарын орлого 1.1 сая төгрөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 21-ний байдлаар 848 мянган төгрөг болж өрхийн сарын орлого 14.6 хувиар буураад байна. Энэ нь барилгыг худалдаж авах иргэдийн санхүүгийн чадамжид нөлөөлж байгаа юм. Тиймдээ ч иргэд ипотекийн зээлд хамрагдан сууцтай болох замыг сонгож буй. Харин одоо уг бодлоо түр хойш нь тавих боломж гарч ирлээ. 
 

Г.Орхон