С.Энхцэцэг: Арбитр нь маргааныг шуурхай шийдвэрлэдгээрээ шүүхээс ялгаатай

Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга С.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Арбитрийг иргэд, олон нийт сүү­лийн үед нэлээд сонирхох боллоо. Арбитр гэж ямар байгууллага байдаг, ямар чиг үүрэгтэй талаар эхлээд танилцуулна уу?
 
-Бизнесийн аливаа гэрээ хэлцлээс үүссэн маргааныг гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр мэргэшсэн хөндлөнгийн этгээдээр шийдвэрлүүлэх шүүхийн бус арга механизм гэж ойлгож болно. Арбитр нь түр болон байнгын хэлбэртэй. Тодорхой маргааныг шийдвэрлүүлэх зорил­гоор талууд нэг удаа байгуулсан арбитрыг түр арбитр буюу олон улсын нэршлээр Ad hoc гээд байгаа юм. Байнгын арбитр бол бизнесийн маргаан шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан байнгын үйл ажиллагаа бүхий институт. Манай хуулиар Худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэрлэгчдийн болон хэрэг­лэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг тө­­рийн бус байгуул­лагын дэргэд байн­гын арбитрыг бай­гуулж болохоор хуульчилсан байдаг. Байн­гын арбитрын нэг онцлог нь маргаан шийдвэрлэх өөрийн дүрэмтэй байх явдал юм. Аль нэг арбитрыг сонгосон талууд тухайн арбитрын маргаан шийдвэрлэх дүрмийг мөн дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. 
 
Арбитраар хэрэг хянан шийдвэрлэх арга нь дэлхий нийтэд 220 гаруй жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын хувьд анх 1929 онд Шүүх арбитрын яам байгуулагдан улмаар Улсын Арбитрын Газар болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.
 
-Шүүхээс юугаараа ялгаатай болон давуу талтай вэ?
 
-Гол ялгаа нь маргааныг талуудын чөлөөт тохиролцоон дээр үндэслэсэн, мэргэжлийн өндөр түвшинд, уян хатан, зардал чирэгдэл багатай, шуурхай шийдвэрлэдэг тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, талууд маргаанаа шийдвэрлэх арбитрчаа сонгох, тодорхой үндэслэлээр арбитрчийг татгалзан гаргах, маргаан шийдвэрлэх ажиллагааны журмыг тохи­ролцох, арбитрын ажиллагаа явуулах газар, хэлээ сонгох, мөн маргаанаа шийдвэрлэх хэлбэрээ сонгох тухайлбал  биечлэн оролцох хуралдаан, эсхүл зөвхөн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах аргыг сонгох эсэх нь талуудын хувьд чөлөөт сонголт гэж ойлгож болно. 
 
Бас нэг том давуу тал нь арбитрын шийдвэр эцсийн бөгөөд заавал биелэгдэх шинжтэй байдаг. Энэ нь арбитрын шийд­вэрийг давж заалдах гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн Монгол Улсын нийтлэг ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд харшилсан эсхүл маргааныг шийдвэрлэх явцад процессын журам зөрчсөн тохиолдолд л хүчингүй болохоор хуульд заасан байдаг. 
 
Заавал биелэгдэх шинжийн хувьд Мон­гол Улс 1958 оны Нью Йоркийн “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай” конвенцэд 1995 онд нэгдэн орсон учраас манай улсын арбитрын шийдвэр дэлхийн 156 оронд заавал биелэгдэх онцлогтой. Нөгөө талаар бизнесийн харилцаа улам нарийн төвөгтэй, олон улсын чанартай болж байгаа өнөө үед аливаа маргааныг  мэргэшлийн өндөр мэдлэг, ур чадвартай гадаад, дотоодын мэргэжилтэн арбитрчдаар шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм. 
 
Харин шүүхээр маргаан хянан шийдүүлэхэд талууд шүүгчээ сонгох, маргаан шийдвэрлэх ажиллагааны жу­рам, аргыг сонгох боломжгүйгээр ба­рахгүй, давж заалдах, хяналтын гээд олон шат дамжлага ихтэй. Гэхдээ ар­битрын тогтолцоог хэт чөлөөт, либерал гэж ойлгож болохгүй. Арбитрын шийд­вэрийг биелүүлэх, арбитрын хариуц­лага өндөр байх, талуудын хууль ёс­ны эрх ашгийг хамгаалах, арбитрын шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шаардлагын үүднээс зарим харилцаанд шүүхийн оролцоо байхаас аргагүй. Олон улсын практикт ч ийм байдаг. Гэхдээ энэ нь зохистой түвшинд, хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд байх ёстой
 
-МҮХАҮТ-ын дэргэд арбитр байхад дахин шинийг байгуулах шаардлага бай­гаа юм уу, чухам юугаараа ялгаатай вэ гэх мэт асуултыг хүмүүс сонирхож байгаа?
 
-Улаанбаатар хотын Худалдааны Тан­­хим нийслэл хотын хөрөнгө оруу­лагчдад ээлтэй, цэвэр, тунгалаг засаглал бүхий бизнесийн таатай, тогтвортой орчин болгох зорилт тавьж, улмаар олон улсын бизнес, санхүүгийн төв болгох алсын хараатайгаар 2015 онд байгуулагдан ажиллаж байна. Нийслэлд бизнес эрх­лэгчид нэгдэж танхимаа байгуулж болох эрх нь хуулиар нээлттэй. Хаана ч нээлттэй байдаг, байх ч ёстой асуудал. Хоёр танхимын зорилго, чиг үүрэг, алсын хараа нь өөр юм. Ихэнх бизнес эрхлэгч Улаанбаатар хо­тод үйл ажиллагаагаа явуулдаг. Манай танхимын зорилго тодорхой. Хотоо амьдрахад ая тухтай сай­хан хот болгоё, татвар, хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчинтой байя, ажлын байрыг олноор нь нэмэгдүүлье гээд са­нал санаачилга гаргах, бодлого боловсруулах, хэрэг­жүү­лэхэд гар бие, дуу хоо­лойгоо нэмэрлэе, ажлаас нь хамтран хийлцье гэсэн бодолтой, сэтгэлтэй бизнес эрхлэгчдийн нэгдэл юм. 
 
Хотын танхим нь нийслэлд бизнес эрх­лэгчдийн эрх ашгийг хам­­гаалах үндсэн чиг үүр­гийнхээ хүрээнд биз­несийн харил­цаатай холбоотой маргаа­ныг шуурхай, олон улсын стандартад ний­цүүлэн шийдвэрлэх зорилгоор дэр­гэдээ арбитр байгуулсан. Манай хуулиар арбитрыг тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын дэргэд байгуулж болохоор заасан тухай би дээр хэлсэн. Нэгд, хуулиараа нээлттэй. Хоёрт, манай ул­сад арбитрын тогтолцоо сайн хөгжөөгүй, олон улсын стандартын, түв­шинд нийцсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаатай санал нийлэхгүй хүн гарч ирэхгүй байх. Монгол Улс чөлөөт зах зээлийн харилцаанд орсноос хойш хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлийн олон улсын гэрээ конвенцуудад нэгдэж өөртөө үүрэг хүлээж, дотоодын хууль тогтоомжийг ч олноор нь баталсан. Гадаадын нөлөө бүхий компаниудтай хамтран ажиллах явцад эдгээр гэрээ, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, нөгөө талаар төрийн зүгээс татварын болон хөрөнгө оруулалтын бусад таагүй, үндэслэлгүй судалгаагүй бодлогын уршгаар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар дуудагдаж хэд хэдэн удаа ялагдсан түүхтэй. Марубени, Алтандорнод Монгол гэх мэт ганц хоёр том хэрэгт ялсныг эс тооцвол. Энэ байдлыг өөрчилье, арбитрыг хөгжлийн өндөр түвшинд гаргая, олон улсын жишиг, түвшинд ойртоё, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг шударгаар хамгаалах зорилго тавьж эхнээсээ олон улсын туршлага, хууль тогтоомж болон НҮБ-ын олон улсын арилжааны арбитрын загвар хуулийг судалж, дүрэм, журмаа ICC буюу олон улсын Худалдааны танхимын дэргэдэх арбитрын дүрэм, стандартад нийцүүлэн боловсруулсан.
 
Манай арбитрын дү­рэм өөрөө олон улсын шаард­лагад нийцсэн, сайн дү­рэм байж гэмээнэ хөрш ор­нууд болон гуравдагч орны бизнесүүд маргаанаа УБХТанхимын дэргэдэх ар­бит­раар шийдүүлэх, манай дүрмээр дэлхийн аль ч улсад арбитрын хуралдааныг явуулж маргаанаа шийд­вэрлүүлж чадна. Ер нь ар­битрын ажиллагаа хууль болон арбитрын дүрмийн дагуу, маш нарийн процессоор явах учиртай. Гагцхүү процессын алдаа гаргахад л хүчингүй болох аюул байдаг тул мэргэжлийн баг маш өндөр хариуцлагатай зохион байгуулах ёстой юм. 
 
Мөн арбитрчдын бүрэлдэхүүнээ салбар бүрийн ялангуяа эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, барилга, хөрөнгө оруулалт, худалдан авалтын чиглэлээр мэргэшсэн, туршлагатай өндөр мэдлэг, ур чадвартай, салбартаа нэр хүнд бүхий  мэргэжилтэн арбитрч болон хуульчдаас бүрдүүлсэн байгаа. Манай олон улсын арбитрч хуульчид гэхэд Австрали, Сингапур, Европын Холбооны Улс, Швейцарь, АНУ болон Англи гэх мэт нийтийн болон иргэний эрх зүйн тогтолцоо бүхий орнуудын төлөөллөөс бүрдсэн. 
 
-Арбитрын хараат бус, бие даасан байдлын тухайд?
 
-Бүрэн хараат бус, бие даасан бай­далтай ажиллаж байна. Энэ нь өөрөө УБХТанхимын дэргэдэх арбитрын бас нэг онцлог юм. Өөрөөр хэлбэл, манай арбитр Танхимын доторх нэгж биш,Танхимын удирдлагын зүгээс Ар­битрын үйл ажиллагаанд оролцдоггүй, Танхим болон танхимын гишүүдээсээ хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа цаашид ч энэ байдлаа хадгална. Олон улсын нэр хүндтэй арбитрууд ч бие даасан, хараат бус байдагтаа нэр хүнд нь оршдог.

-“Улаанбаатар-Худалдан авалт 2016” чуулган болоод хот, бизнесийнх­ний түншлэл, хамтын ажиллагаанд арбитрын үүрэг, ач холбогдол чухам ямар байх вэ? 
 
-Форумаар Нийслэл хувийн хэвш­лийнхэнтэй хамтарч ажиллах төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, санал болгож хэрхэн цаашид хамтран ажиллахаа ярилцана. Аливаа хамтын ажиллагаа, түншлэл гэдэг бол тэгш эрх, шударга ёсны зарчим дээр тулгуурлаж байж харилцан үр ашигтай, тухайн төсөл ч урт хугацаанд амьдрах, цэцэглэх чадвартай байх учиртай. 
 
Энэ удаагийн форумд санал болгох төсөл хөтөлбөрүүдийг Нийслэл өөрөө санаачилж хувийн хэвшлийнхэнд санал болгож, хамтран ажиллая ингэхдээ тэгш, шударга, нээлттэй, ил тод зарчмаар явъя гэж байгаа нь үнэхээр дэвшилтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэл өмнө нь байгаагүй, цоо шинэ зүйл биш. Өмнө нь ч төрийн ажлыг хувийн хэвшлийнхэн хийж ирсэн, бараа, ажил үйлчилгээгээр хангаж байсан. Чухам юу нь буруу байсан бэ гэхээр шийдвэрийг төр дангаараа гаргаад байсан явдал юм. Төрийн шийдвэртэй маргалдаад шүүхэд очдог, шүүх нь улстөрчид, төрийн албан тушаалтны шахалт дарамт, нөлөөнд автаж улс төрийн шийдэл гаргадаг. 
 
Эцэстээ хувийн хэвшил хана мөргөөд эрсдлийг нь үүрээд хоцордог. Хамтын ажиллагаа л юм бол талууд тэгш эрхтэй оролцож, хамтарч шийдвэрээ гаргаад, эрсдэл, хариуцлагаа тэгш хүлээж, хамтдаа хөгжиж, маргаан гарвал шударгаар, хөндлөнгийн хараат бус этгээдээр шийдүүлэх ёстой. Энэ л зарчмаар арбитр хувийн хэвшлийнхний төртэй хийсэн хэлцэл, хамтын ажиллагаанд гарсан маргааныг нь ил тод, эрх тэгш зарчмаар шийдэж өгье гэсэн үүрэг хүлээж оролцож байна.     
 
-Талууд маргалдсаны дараа бус маргаан гарахаас өмнө бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор арбитрын үүрэг оролцоо байж болох уу? Байвал ямар хэмжээнд?
 
-Арбитр маргааныг хараат бус, шударгаар шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага хэдий ч бид маргаан гараасай гээд л хүлээгээд суух биш бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах УБХТанхимын үндсэн зорилго, чиг үүр­гийн хүрээнд Танхимын гишүүн аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн аливаа гэрээ хэлцлийн хууль зүйн үн­дэслэлийг хянаж өгөх, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллах болно.         
 
-Арбитрын тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ хууль бат­лагд­санаар арбитрын тогтолцоонд шинэч­лэл бодитоор гарах уу? Энэ хуулийн үзэл баримтлалын талаар танай арбитрын байр суурь ямар байгаа вэ? 
 
-Засгийн газраас Арбитрын тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж одоо УИХ-аар хэлэлцүүлж байна. Засгийн газрын хурал­даанаар хэлэлцүүлэхээс өмнөх шатанд манай арбитрын зүгээс үндэслэл, судалгаа бүхий санал өгсөн. Энэ хууль бол НҮБ-ын Олон улсын Худалдааны эрх зүйн Комиссын Олон улсын Худалдааны арбитрын тухай Загвар хууль болон МУ-ын онцлогт нийцсэн хууль болж чадсан гэж үзэж байгаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Арбитрын хууль 2003 онд батлагдсан. 
 
Мөн л сайн хууль. Гэхдээ Арбитр бол үндэстэн дамнасан маргааныг шийдвэрлэдэг институт бо­лохын­­хоо хувьд бусад салбартай харь­цуулахад олон улсад загварчлагдсан нэг хуультай, олон улсын стандартыг дагаж мөрдөх шаардлага тавигддаг цорын ганц салбар юм. Энэ утгаараа бид өөрийн орны арбитрын эрх зүйн зохицуулалтыг НҮБ-ын Арбитрын загвар хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй.