Энэ жилийн эдийн засгийн чуулганыг тольдвол

“Сургамж, сорилт, шийдэл” уриатай Монголын эдийн засгийн форум ирэх долоо хоногт болно. Тодруулбал, энэ сарын 30, 31-нд Төрийн ордноо уламжлал ёсоор төрийн тэргүүн болоод төрийн түшээд, гүйцэтгэх засаглалынхан, гадаадын экспертүүд хуран чуулах юм. 
 
“Бидэнд алдаж оносон зүйл их бий, ашиглаж чадаагүй боломж ч их бий. Энэ бүхнээ эргэн харж, чиг хандлагаа тодорхойлох талаар ярилцах болно” хэмээн “Монголын эдийн засгийн форум” ТББ ба “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал Б.Лакшми онцолж байна. 
 
Чуулганаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн сацуу дэлхийн болон бүс нутгийн төлвийг ч мөн тандан хэлэлцэх аж. Харин салбар хуралдаанууд Хөгжлийн төлөө түншлэл, Цомхон чадварлаг төр, Нийгмийн даатгалын шинэчлэл, Аюулгүй хүнс-Тогтвортой ашигтай бизнес сэдвийн хүрээнд өрнөх юм. 


Б.Лакшми:  Засаглалын тогтворгүй байдал хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжилд саад болдог

Манай сэтгүүлийн 02 сар №03/105/ дугаарт орсон “Монголын эдийн засгийн форум” ТББ ба “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал Б.Лакшмитай хийсэн ярилцлагаас уншигч танд хүргэе. 

-Энэ удаагийн чуулганы онцлог юу байх бол. Ерөнхий агуулгын хувьд ямар өөрчлөлт  гарах вэ?
 
-Агуулгын хувьд уриандаа захи­рагдаж сэдэв бүрийг сургамжтай зүйл юу байв, өмнө ямар сорилт тулгарч байна, түүнийг хэрхэн шийдэж болох вэ, юу хийх ёстой вэ гэдэг талаас авч үзнэ. Ирээдүйг 100 хувь мэдэх боломжгүй. Гэхдээ бид алдаанаасаа сургамж авч дахин давтахгүй байх ёстой. Макро эдийн засгийн хувьд өнгөрсөн бүх хугацаанд үргэлж мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгийн өндөр идэвхижлийн жилүүдэд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлсэн бол өнөөдрийн нөхцөл байдлаас сэргийлж болох байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл алдаж оносон зүйлээ ярилцаж, дүгнэх хэрэгтэй байна. Ирээдүйн төр, улсын удирдлагууд тэр алдааг ахиж битгий гаргаасай гэж хүсч байгаа юм.
 
-Ямар хүмүүс илтгэл тавих бол. Зайлшгүй хөндөх сэдэв юу байна вэ?
 
-Энэ жилийн хувьд хөндөлгүй өнгөрч болохгүй байх гэсэн нэг сэдэв нь сонгуультай холбоотой төрийн зохион байгуулалт, засаглалын асуудал. Он гарснаар төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтад ихээхэн өөрчлөлт орсон. Сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдахад ахин өөрчлөгдөх магадлал их. Иймд тогтворгүй байдал бий болох магадлал өндөр байна. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд хамгийн их саад болдог хүчин зүйл. Мөн бид ямар нэг салбарыг онцолж авч үздэггүй. Хэдийгээр уул уурхайн салбар уналттай байгаа ч гэсэн хүссэн хүсээгүй манай улс уул уурхайгаас хамааралтай байсаар ирсэн. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн уналтаас болоод бууралт гарч байгаа ч менежментийн хүрээнд асуудлыг хэлэлцэж, гарц шийдэл олох боломжтой. Тиймээс боломжит бүхий л салбарыг хамруулж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг эрмэлзэж байна.
 
-Шинэлэг, шинээр хийхээр тө­лөвлөсөн ажил юу байна?
 
-Шинээр төлөвлөсөн ажил гэвэл бид АСЕМ-ийн үеэр үйлчлэх хоолны амталгааг зохион байгуулах гэж байна. Тогооч нарын улсын аварга шалгаруулах уралдаан гэж болдог. Энэ уралдаанаар шалгарсан 35 тогоочоор АСЕМ-ийн зочдод барих хоолны амталгаа хийлгэнэ. Дээд хэмжээний уулзалтын үеэр ирэх зочдын хоолны үйлчилгээ чанарт анхаарч байгаа  хэрэг. 
 
-Дэлхийн эдийн зас­гийн чуулган болж өнгөрсөн. Дэлхийн чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?
 
-Дэлхийн эдийн засгийн форумаар олон асуудлыг хөнддөг. Энэ жил эрсдлүүдийг их чухалчилж авч хэлэлцлээ. Тухайлбал, терроризм дэлхийн эдийн засагт тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Ялангуяа аялал жуулчлалын салбарт хүчтэй мэдрэгдэж буй. Ойрхи дорнодын дайнаас улбаалаад Египетийн хамгийн их жуулчин татдаг хойд бүсийн жуулчлал багассан. Арваннэгдүгээр сард Парист болсон аймшигт халдлагын ул­маас хүмүүс гэрээсээ ч гарахаас эмээдэг болсон байна. Үүнээс болоод арванхоёрдугаар сард болдог зул сар, шинэ жилийн нийт худалдаа тийм ч амжилттай байсангүй.
 
Түүнчлэн ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхайн түүхий эдийн үнийн уналт, эрэлт нийлүүлэлтийн талаар хөндөж ярьсан. Гол уриа үг нь “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” байлаа. Аж үйлдвэрийн дөрөв дэх дэвшил гэдэг нь инноваци, технологийн шийдэл байх болно гэдэг үзэл санаа дэвшүүлсэн. 
 
-Дэлхий аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал болох тухай ярьж байна. Гэтэл Монголын хувьд хаана нь явна вэ?
 
-Том дүр зургаар харвал аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал Ази тивд их хүчтэй өрнөнө. Азид хөгжиж буй олон орон бий, сүүлийн үед үйлдвэржилт эрчимтэй явагдаж байгаа. Түүний үр нөлөө нь Монгол Улсад мэдрэгдэнэ. 
 
-Аж үйлдвэрийн дараагийн хувьсга­лын үр дүнд хүний хөдөлмөрийг технологи орлоно гэж буй. Монголд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь ажлын байрыг дэмжих ач холбогдолтой. Гэтэл технологи нь түрүүлээд хөгжчихөөр яах вэ?
 
-Технологийн салбар ажлын байртай холбоотой л доо. Манай улсын хувьд авч үзвэл хүн ам цөөтэй, хөдөлмөрлөх хүч цөөнтэй. Тиймээс хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Нөгөө талаас энэ хувьсгал нь технологийн хөгжил учир тэр технологийг бий болгох түүхий эд нь манайд бий нь сайн зүйл. Өөрөөр хэлбэл эргээд л уул уурхай руу орох шаардлагатай болж байгаа учраас нэг талын боломж гэж харж болох юм. 
 
-Судлаачийн хувьд энэ жил эдийн засагт ямар өөрчлөлт гарна гэж харж байна?
 
-Өөрчлөлт гарна гэж хэлэхэд хэцүү юм. Гадаад орчин маань нэлээд хүндхэн байна. Тиймээс хүндхэн жил үргэлжлэх болов уу. Нөгөө талаас дотоод орчин ч бас тогтворгүй байгаа учир хөрөнгө оруулалт буурах хандлагатай байна. 
 
-Та мөн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв удирддагийг бид мэднэ. Танай байгуул­лага аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргадаг. Энэ тайлан хэзээ гарах бол?
 
-Анх өрсөлдөх чадварын талаар 2010 оны МЭЗЧ дээр яригдаж түүнээс хойш энэ сэдвийг хэд хэдэн удаагийн эдийн засгийн чуулган дээр хэлэлцсэн. Үүний үр дүнд бид аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж, мөн орон нутгийн өрсөлдөх чадварын чуулган хийж эхлээд байна. Мөн Монгол Улс Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд ордог болсон. Энэ нь бид өөрсдийгөө дэлхийн хэмжүүрээр хэмжиж эхэлсэн гэсэн үг. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангийн хувьд судалгааны асуулгыг авч дууссан. Одоогоор дүгнэх ажил ид явж байна.
 
Уламжлал ёсоор хэвлэгдэж хэрэглэгчдэд хүрнэ. Энэ тайлан гардаг болсноор аймгууд хоорондоо өрсөлдөж, эрэмбээ ахиулахын тулд дараа жил юун дээр анхаарах, аль талаараа илүү байгаа, мөн бусдаасаа юуг суралцах гээд олон давуу талтай. Тус тайланд ордог үзүүлэлтийг аймаг тус бүрээр гаргасан http://aimagindex.mn/ цахим хуудсыг хөгжүүлсэн. 
 
-Улсын өрсөлдөх чадварын хувьд энэ жил өөрчлөлт гарсан болов уу?
 
-Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлт одоохондоо гараагүй байна. Гэхдээ нэг их ахиц гарахгүй болов уу. Яагаад гэхээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг хамгийн их хойш татдаг зүйл нь дэд бүтэц. Бусад хөгжиж буй болон хөгжингүй орнуудтай харьцуулахад дэд бүтцэд төдийлөн өөрчлөлт ороогүй. Тийм болохоор эрэмбэ ахих ч юмуу сайн өөрчлөлт гарахгүй байх. 
 
-Ярилцсанд баярлалаа. 
 
 
 
“Монголын эдийн засгийн чуулган 2016” Урьдчилсан хөтөлбөр /Энэ сарын 23-ны байдлаар/