Уул уурхайн яам Канадын МЕРИТ төсөлтэй хамтран ажиллана

Монгол Улсын Уул уурхайн яам болон Эрдэс баялгийн менежментийг институцийн өөрчлөлт хийх замаар сайжруулах санаачлага Канадын консорциумийн хооронд төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Уул уурхан яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг болон Канадын МЕРИТ төслийн удирдагч Синди Фэйр нар гарын үсэг зурав.

Талууд яам болон бусад холбогдох Монгол Улсын Засгийн газрын агентлагуудын чадавхи бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжилд таатай орчин бүрдүүлэхийн тулд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зохицуулалт, захиргаа, үйл ажиллагааны систем сайжруулахад хамтран ажиллах замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломжуудыг сайжруулахад хувь нэмэр оруулахыг зорино.

Эрдэс баялгийн менежментийг институцийн өөрчлөлт хийх замаар сайжруулах санаачлага /ЭБМСС/ нь Канадын Мэргэжлийн Үйлчилгээний Байгууллага /CESO/  болон Канадын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ /WUSC/ хөгжлийн түншээс бүрдэх консорциум юм. Төсөл санхүүжүүлэгч Канад Улсын Гадаад хэргийн яамны Глобал хэргийн газартай 2016-2022 онд чадавхийг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээ байгуулжээ.