“Эрдэнэс Монгол” ХХК-ийн засаглалыг бэхжүүлэх 35 сая ам.долларыг баталлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн иституцийг сайжруулж засаглалыг бэхжүүлэх 35 сая ам.доллар бүхий  "Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ"-нд гарын үсэг зурлаа
 
Азийн хөгжлийн банкны захирлууд өчигдөр “Эрдэнэс Монгол” ХХК-д өгөх санхүүжилтэнд гарын үсэг зурсан бөгөөд үүнийг хоёр тал баталгаажуулж өнөөдөр АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер болон “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гарын үсэг зурлаа.
 
Төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилготой. Ингэхдээ удирдлагын ур чадварыг сайжруулах, нэгдлийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын шинэ төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын мэдээллийн системийг шинээр нэвтрүүлэн толгой компанийн түвшинд удирдлагын чиг үүргийг бэхжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.
 
“Бид цаашид үр ашгийг 20 хувиар, мөнгөн урсгалыг 15-20 хувиар нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна” гэж “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэллээ. Тэрбээр мөн “ Бид “Эрдэнэс Монгол” компанийг Сингапурын “Темасек” компанийн загвараар өөрчлөн шинэчлэх суурь эхлэлийг тавьж байна. Ирэх гурван жилийн дотор Тавантолгой, Оюутолгой, Гашуунсухайт, Багануур, Шивээ-Овоо болон бусад шинэ төсөлд санхүүжилтийг зарцуулна” гэлээ. 
 
Төсөлд шаардлагатай санхүүжилтийг нэн таатай нөхцөл буюу эхний гурван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр шийдвэрлэсэн байна. ​”Төслийн гол зорилго нь “Эрдэнэс Монгол” компаниар дамжуулж Монголын байгалийн баялгийг оновчтой зохистой удирдах юм. Тус компанийн иституцийг сайжруулж засаглалыг бэхжүүлэх, ингэснээр оновчтой хөрөнгө оруулалтыг тодорхойлох, эрсдэлийн менежментийг сайжруулах, компанийн үйл ажиллагааг үр дүнтэй болгоход туслахаар энэ зээлийг олголоо” гэж АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер хэллээ. 
 
Хэдийгээр АХБ дээрх төслийн санхүүжилтийн дийлэнх хувийг гаргаж байгаа ч “Эрдэнэс Монгол”-ын хувьд өөрсдийн гаргаж чадах хэмжээний санхүүжилт буюу 6.2 сая ам.доллартай тэнцэхүйц мөнгөн болон эд материалын хөрөнгө оруулалтыг 2019 он хүртэл нэмж гарган төслөө хэрэгжүүлэх учиртай. 
 
Төсөл хэрэгжсэнээр толгой болон охин компаниудын үйл ажиллагааны ашигтай байдал өсч 2016-2024 онуудад хоёр их наяд төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 825 тэрбум төгрөгийн бусад татвар, 518 тэрбум төгрөгийн ногдол ашиг буюу нийт 3.3 их төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолж байна гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ. 
 
 
 Азийн хөгжлийн банкны төв нь Маниллад байрладаг бөгөөд хүртээмжтэй өсөлт, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт, бүс нутгийн интеграциар дамжуулан Ази Номхон далайн бүс нутгийн ядуурлыг бууруулахад чиглэж ажилладаг. Тус банк нь 1966 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 67 орны гишүүнчлэлтэй. 

Эрдэнэс Монгол ХХК нь 2007 онд байгуулагдсан. Монгол улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилгоор байгуулагдсан. 
 
Б.Энхцэцэг