Эрэлт сэргэх цагт Монгол бэлэн бай

АмЧам буюу Монгол дахь Америкийн худалдааны танхимын сар тутмын уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, эдийн засагч Ч.Хашчулуун, “Эрдэнэс Монгол” компанийн ахлах эдийн засагч Ч.Отгочулуу нар оролцсон бөгөөд тэд Монгол Улсын уул уурхайн салбарын хэтийн талаар ярилцсан.

Таваарын ханш өндөр байх үед асар олон гэрээ, хэлэлцээр, төслийн талаар ярьж байсан ч өдгөө биелсэн нь ховор. Олны анхааралд байдаг нь Оюутолгой, Тавантолгойн төсөл. Саяхнаас Тавдугаар цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр болоод Тавантолгойн цахилгаан станцийг онцлон авч үзэх болсон. Гэсэн ч бизнесийн орчин таагүй, хөрөнгө оруулагчид саарсан мөн засаглал сул байгаа нь томоохон төслүүд урагшлахгүй болоход ихээхэн нөлөөлсөн. Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол Монгол руу чиглэхийн хэрээр дотоодын хууль эрх зүйн орчинд таатай, таагүй олон өөрчлөлт гарч байсныг тус хуралдааны үеэр эдийн засагч Ч.Хашчулуун онцолсон. Тэрбээр “Өнгөрсөн болон одоогийн хооронд тодорхой уялдаа бий. Уул уурхайн салбар гадаадын шууд хөрөнгө оруулалтад илүү нээлттэй болж, харин Засгийн газар оролцоогоо аль болох бага түвшинд байлгах хэрэгтэй” гэдгийг сануулсан. Түүнчлэн Ч.Хашчулуун манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч Хятад улсын эдийн засгийн өсөлт тийм ч хялбар уруудахгүй гэдгийг онцлоод “Өмнө байсан шигээ хурдацтай өсөхгүй байж мэдэх ч өссөн хэвээр байна” гэв. Энэ талаар “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл түүхий эдийн бэлэн байдал, Хятадтай ойр газар зүйн байршил манай улсын хувьд хаана ч байхгүй өрсөлдөөний давуу тал болохыг онцлов. Тэгэхээр Хятадын эрэлт сэргэх цагт Монгол Улс давуу талаа ашиглан Хятадын хамгийн ойрын нийлүүлэгч хэмээх статусаа эргүүлэн авах боломж байгаа аж. Сүүлийн үеийн мэдээллээр Хятадын төмрийн хүдрийн эрэлт нэмэгдсэнээр дэлхийн зах зээл дээрх төмрийн хүдрийн ханш ялимгүй өссөн байна.

Манай улсын зах зээлийн эрэлт гурван сая гэх тоогоор хязгаарлагддаг. Тийм ч учраас дотоодын бизнесүүд ганц чиглэлээр дагнах хүндрэлтэй бөгөөд солонгорох шаардлагатай нүүр тулдаг талаар хуралдааны оролцогчид мөн ярилаа. Уул уурхайн салбарт дан ганц нүүрсэд төвлөрөх бус занар, түүхий нефть зэргийг дотоодын хэрэгцээг хангахуйцаар олборлон ашиглах бүрэн боломжтой гэдгийг тэд дурьдсан юм. Ингэснээр газрын тос, эрчим хүчний хараат байдлыг тодорхой хэмжээгээр бууруулах гарц бий.
 

 

Б.Үүрийнтуяа