Эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 30 хувь өсчээ

Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт , Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар үндсэн итлгэлүүд тавьж оролцсон юм.

Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах хүрээнд хийсэн ажлууд, цаашдын зорилт” сэдвээр илтгэж, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлснээр инфляцаас үүдэлтэй эрчим хүчний салбарын санхүүгийн хүндрэл багассан, цахилгааны чадлын тарифыг нэвтрүүлснээр хэрэглээг тооцох механизм сайжирч, ачааллын хэлбэлзэлийг багасган системд үүсэх техникийн хүндрэлийг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд түлхэц болсон хэмээв. 
 
Тэрбээр, эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, цаашдын хэтийн төлөв, учирч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар болон бүс нутгийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын оролцооны талаар танилцуулж эрчим хүч импортлогч орноос экспортлогч болох өргөн боломж байгааг дурдлаа.
 
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, 2012-2016 онд хийсэн бүтээн байгуулалт, түүний үр дүн, үр өгөөж” илтгэлдээ дурдсанаар Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2012 оноос хойш цахилгаан 30 хувиар, дулаан 40-өөд хувиар тус, тус өсчээ. Үүний хэрээр хэрэглэчдийн тоо 26-54 хувиар нэмэгдсэн байна. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын үйл ажиллагааны орлого 2012 оноос 218.8 тэрбум төгрөгөөр буюу 58.1 хувиар нэмэгдсэн гэлээ.
 
Түүнчлэн Диспитчерийн Үндэсний төв ХХК-ний Ерөнхий инженер Г.Балжинням “Эрчим хүчний системийн хэрэглээ ба нийлүүлэлтийн баланс, найдвартай тогтвортой ажиллагаа, 2016-220 оны төлөв”, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү “Шинэ холболтын журам, түүнийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт салбар илтгэл тависан юм.