Газар Сүлжмэл ХК-ийн 66.4 хувийг дуудлага худалдаагаар арилжина.

Татваргүй барааны дэлгүүр ажиллуулдаг тус компанийн 43,411 ширхэг нийт 2.6 тэрбум төгрөгийн хувьцааг ирэх тавдугаар сарын 2-нд дуудлага худалдаагаар арилжихаар болжээ. 
 
"Газар Сүлжмэл" ХК нь 2002 оны аравдугаар сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх цогцолборт болон  Улаанбаатар вокзалын Y танхимд татваргүй барааны дэлгүүр ажиллуулдаг байна. 
 
Хувьцааг зөвхөн нэг хөрөнгө оруулагчид бүхлээр нь арилжих ажээ. 
 
Газар Сүлжмэл ХК-ийн санхүү, хөрөнгийн онцлог
 
• Эргэлтийн хөрөнгө нь нийт хөрөнгийн 89%-ийг эзэлдэг. Үүнд 412.9 сая төгрөгийн авлага байгаа нь анхаарал татаж байна.
• Эргэлтийн бус хөрөнгө маш багатай нь үйл ажиллагаагаа түрээсийн байранд явуулдаг гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Гэхдээ 179.5 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй.
• Банкны зээлгүй, хүүгийн төлбөр төлдөггүй. Ногдол ашгийн өглөг 633.2 сая төгрөг байгаа нь нийт өр төлбөрийн 74%-ийг эзэлдэг.
• Бүтээгдэхүүнээ ам.доллараар борлуулдаг учир долларын ханшийн өсөлт нь төгрөгөөр илэрхийлэгдэх орлогыг нэмэгдүүлдэг. Орлогын хэмжээ сүүлийн таван жилд тасралтгүй өссөн.
• Татварын дараах цэвэр ашиг нь сүүлийн таван жил тасралтгүй өссөн.
• Цэвэр ашгийнхаа 95%-100%-ийг ногдол ашигт тараадаг. Ногдол ашигийн өгөөж нь жилийн хугацаатай хадгаламжийн хүүнээс өндөр.
• 2015 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэгж хувьцаанд 13,196.8 төгрөг буюу хамгийн өндөр ногдол ашиг хуваарьласан.