Унгар: Дорно зүгээс тавтай морил

Бүгд Найрамдах Унгар улс элчин сайдын яамаа өнгөрсөн жил Монгол Улсад шинээр сэргээн төвхнүүлсэн.  Хэдийнэ идэвхитэй үйл ажиллагаа явуулаад эхэлжээ. Өнгөрөгч 26-ны үдэш тус улсын үндэсний онцлог бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ болсон юм. 
 
Арга хэмжээнд Унгар улсын Онцлох Гадаад Эдийн засаг хариуцсан аялан төлөөлөгч, Элчин сайд хатагтай Хорват Виктория, Хөдөө аж ахуй хөгжил, Үндэсний онцлог бүтээгдэхүүн хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Сакали Иштван Лоранд хүрэлцэн ирсэн бөгөөд Элчин сайд Акаши Модари болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 
 
Танхимд байрлуулсан тус улсын түүх соёлын танилцуулгыг үзэж зогстол ноён Сакали Иштван Лоранд дэргэд ирээд 13 дугаар зуунд Унгар Монголчуудын байлдан дагуулалд автаж байсан. Манай хоёр улс түүхэн холбоотой хэмээн найрсгаар өгүүлсэн. 
 
Өнөөдөр Унгар улс парламентийн бүгд найрамдах засаглалтай, эдийн засгийн зарим үзүүлэлтээр бүсдээ тэргүүлдэг, өндөр орлоготой, хүний хөгжлийн индексээр дэлхийд 36 дугаарт эрэмбэлэгддэг улс. Хөгжингүй орнуудын эгнээнд багтахаар зорьж явна. 
 
Хатагтай Хорват Виктория энэ өдөр улсынхаа аялал жуулчлалын салбарын тухай танилцуулсан бөгөөд тус орны аялал жуулчлал жил бүр 10 хувиар тэлж байгаа гэсэн. Нийслэл Будапешт хотод өдөр бүр эх орноо сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулагддаг байна. Өөрсдийгөө Ази нутгаас гаралтай гэх бөгөөд Европчуудаас сэтгэлгээ, хэв маягаараа ялгараад байдаг юм хэмээн тэр ярьсан. Өөрсдийн гэсэн морины соёлтой ард түмэн юм. 
 
Унгар Европт төдийгүй дэлхийд сувиллын халуун рашаанаараа алдартай. Дэлхийн хамгийн том халуун рашаан тэнд бий. Ер нь хангалттай гүн ухаж чадвал Унгарын хаанаас халуун рашаан ундардаг гэнэ. Нийт газар нутгийн 70 хувьд нь халуун рашаан байдаг нь тус улсыг эмчилгээ, сувиллын аялал жуулчлалыг хөгжих таатай нөхцөл болж өгчээ. 
 
Мөн тэд өөрсдийн үндэсний хоолоороо их бахархдаг улс аж. Ялангуяа “Goose liver” буюу галууны элэг нь их онцгой. Америк болон Европын зарим оронд ижил бүтээгдэхүүн хийдэг ч Унгарынх бол цор ганц. Учир нь бусад оронд галуундаа эрдэнэ шиш, тэжээл өгдөг бол Унгарт жимсээр тэжээдэг. Түүнчлэн Унгарт очвол танд өөрсдийн дарсыг амтлахыг санал болгоно. 
 
Унгар өнөөдөр "Дорно зүгт үүдээ нээж байна". Европын холбооны гишүүн тус улс Азийн эдийн засаг дэлхийн эдийн засгаас харьцангуй өндөр өсөлт үзүүлж байгаа энэ үед хөрш тивийн улс үндэстнүүдтэй эдийн засгийн харилцаа холбоогоо өргөжүүлж эхэлж байгаа аж.
  
Сакали Иштван Лоранд: Монгол бол ирээдүй
 
Арга хэмжээний үеэр ноён Сакали Иштван Лорандтай хоёр орны хамтын ажиллагааны боломжийн талаар цөөн хором ярилцсан юм.
 
-Та түрүүхэн надад 13-р зууны үед Унгар Монголчуудын эзлэн түрэмгийлэлд орж байсан, түүхэн холбоотой улс гэж хэлж байсан. Өнөөдөр түүний ямар нэгэн ул мөр бий болов уу?
 
-Сайхан асуулт байна. Тэгэхээр ирээдүйн сайн сайхны төлөө өнгөрсний зарим зүйлийг мартаж сурах хэрэгтэй байдаг. Гэр бүлийн хэмжээнд авч үзэхэд бие биенээ уучилж, хамт ирээдүй рүү тэмүүлдэг байх хэрэгтэй. Хамтын нийгэмлэг бий болгохын тулд бие биенийхээ өнгөрсөн муу дурсамжийг мартаж сурах хэрэгтэй. Унгарын түүхэнд Татарын түрэмгийлэл гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэр үед Унгарын хүн амын тал нь үрэгдэж үгүй болсон. Хэдийгээр тухайн үед бид Европын томоохон вант улсуудын нэг байсан ч Монголчуудын нум сумны өмнө сөхөрсөн. 
 
Монголчуудын байлдан дагуулал бол дундад зууны үед болсон явдал. Тэр цагаас хойш 1520-иод оны үед бид Түрэгүүдэд бас эзлэгдэж байсан. Гэтэл Унгарт тэдний удирдагч Сулейман гэдэг хүний хөшөөг бий. Түүхэнд бидэнд ч хор хохирол учир тохиолдол олон бий. Бид ч бусдад хохирол учруулсан үеүд байдаг.  Тэгэхээр бүгд олон зууны өмнө болж өнгөрсөн явдал учир мартаж, шинээр хамтран ажиллах боломжийг эрж хайж байна. Тийм ч учраас Монголд ирээд байна. Ирээдүйд дэлхийн эдийн засгийн төв нь Америк болон Европоос нүүж Ази болно гэж бид үзэж байгаа. Тиймээс бид түүнийг угтаж манай засгийн газраас “Дорно зүгт хаалгаа нээх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 
 
Унгарчууд бол Азиас гаралтай улс. Бидний цус, сэтгэхүйд Ази шингэж байдаг учраас бусад Европын орнуудыг бодвол Монгол болон Азитай хамтарч ажиллахад илүү ойр дотно байна гэдэгт илтгэлтэй байна. 
 
-Дорно зүгт хаалгаа нээх хөтөлбөрийн хүрээнд Азитай, түүний дотор Монгол Улстай хамтарч ажиллах ямар боломжуудыг олж харж байгаа вэ?
 
-Эдийн засгийн олон салбарт хамтарч ажиллах сонирхолтой байна. Азийн эдийн засаг ид цэцэглэж байна. Бизнес хийхэд юун түрүүнд итгэлцэл үүсэх хэрэгтэй. Одоогоор итгэлцэл бий болгох тал дээр анхаарч байна. 
 
Миний үзэж буйгаар бол Монголчууд маш их хэмжээний мах экспорлох чадавхитай. Гэхдээ стандарт, эрүүл ахуйн баталгааг өгч чаддаггүй. Унгар улсын хувьд энэ чиглэлд бэлтгэгдсэн, боловсон хүчин, мэргэжилтнүүд бий. Тэгэхээр энэ чиглэлд бид туршлага солилцож, технологи нэвтрүүлж цаашид мах экспортлох боломж байна гэж харж байгаа. Унгарын хувьд Хятад руу экспорт хийх боломж хомс. Харин Монгол Улс Орос, Хятад гэх том зах зээлийн дэргэд буй учраас бусад төрлийн бүтээгдэхүүний хувьд ч гэсэн Унгар технологийг Монголд нэвтрүүлж, Монголын аж ахуйн нэгжүүд хамтарч экспортлох Монголоос экспортлох боломжийг бас харж байна. 
 
Бусад улсын адил уул уурхайн салбарт хамтарч ажиллах боломжийг судалж байна. Түүнээс гадна ухаалаг хот гэх ойлголтыг Улаанбаатарт нэвтрүүлэх боломжтой юм. Бид байгаль орчинд ээлтэй цахилгаанаар цэнэглэгддэг автобус оруулж ирэхийг хүсч байна. Ойролцоогоор 1000-аад автобусын хэрэгцээ байгаа гэж сонссон. Одоогоор Монголчууд бие даан үйлдвэрлэж, өөрсдөө худалдаж авах боломжгүй байгаа учир технологи нөү-хауг нэвтрүүлснээр ухаалаг хотыг бий болгох боломж бий. 
 
-Өнөөдөр аялал жуулчлалын талаар түлхүү ярилаа. Монгол улсын хувьд хүн ам цөөн аялал жуулчлалын тийм идэвхитэй биш улс. Энэ салбарт хамтарч ажиллах ямар боломж байгаа гэж харж байна?
 
-Зөвхөн аялал жуулчлал гэлтгүй Монгол Улс онцлог ихтэй. Хүний хөлд гишгэгдээгүй газар, ашиглагдаагүй баялаг их. Нэг талаас хөгжөөгүй байгаагийн илрэл болов ч асар их нөөц бололцоо байгааг харуулж байгаа юм. Хувийнхаас зүгээс Монгол Улс бол ирээдүй гэж харж байна. Бэрхшээл гэвэл Европоос Монгол руу ирэхэд их хол, шууд нислэг байхгүй байна. Хөдөө орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, ирж байгаа сонирхол, зорилгоор нь ангилж үйлчилгээ үзүүлдэг байхад анхаарах хэрэгтэй болов уу. 
 
Жуулчдыг сонирхлоор нь ангилах, хөдөө орон нутгийн дэд бүтцийг сайжруулахад хуримтлуулсан арвин туршлага бидэнд бий. Унгар улс хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой. Тэр нь дөрвөн одтой зочид буудлууд барих биш. Нэг жишээ дурдахад Германд том албан тушаал хашдаг хуульч хүн Унгарт ирж хөдөө малчин айлын өтөг, бууц цэвэрлэж, малчны хэв маягаар хэд хоног амьдарсан. Тийм үйлчилгээ авсныхаа төлөө төлбөр төлж байна. Хариуд нь тэр хүн өөрийнхөө өдөр тутмын амьдралын стрессээс салж байгаа юм. Түүний тулд дөрөв, таван одтой зочид буудал хэрэггүй, хоол унд нь тансаг сайхан байх албагүй. Гол нь хөдөө орон нутгийн иргэд рүү чиглүүлсэн, өрх гэр бүлд гол орлого ордог байх хэрэгтэй. Иймэрхүү байдлаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох тал дээр туршлагаа хуваалцах боломжтой. 
 
Монгол Улсад хөгжүүлж болох аялал жуулчлалын нэг чиглэл нь шинэ байгаль үзүүлж, жуулчдын сэтгэл хөдлөлийг өдөөсөн, адреналин ялгаруулсан аяллуудыг зохион байгуулах боломжтой гэж харж байна. 2001 онд Унгарын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хууль баталсан. Үр дүнд нь аялал жуулчлал их сайн хөгжиж чадсан. Хуулийг боловсруулсан туршлага, юуг анхаарвал зохистой зэрэг мэдээллийг хуваалцаж болох юм. 
 
-Унгарын эдийн засгийн гол салбарууд юу вэ. Аялал жуулчлалын салбар тэр дотор хэр жин дардаг бол?
 
-Сүүлийн үед эдийн засгийн бүтэц их өөрчлөгдөж байгаа. Гол салбар нь хөдөө аж ахуй, машин үйлдвэрлэл, түүнийг дагасан электрон хөгжүүлэлт. Унгарт Suzuki, Аudi брэндийн машинуудыг үйлдвэрлэх болсноор олон тооны ажлын байр бий болж байгаа. 
 
Хэдийгээр хөдөө аж ахуй голлох салбар ч гэлээ унгарчуудын хувьд аялал жуулчлал илүү чухал. Яагаад гэвэл хүн амын 10 хувьд нь ажлын байр болж байдаг учраас. Дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг аялал жуулчлалын салбар бий болгож байдаг. 
 
 
 
 
Ц.Элбэгсайхан