Д.Баасан: Манай салбарт маш сайхан ирээдүй бий

Mongolian Economy №20 (099)
Mанай  сэтгүүлийн “Үйлдвэрлэл” булангийн энэ удаагийн зочноор “Мон Ланс” компанийн захирал Д.Баасан уригдлаа. Тэрбээр Чех улсад  арьс ширэн эдлэлийн зохион бүтээгч мэргэжил эзэмшиж ирсэн цагаасаа хойш энэ салбарт 30 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэн. Социализмын үед гадаадад төгсөж ирсэн шинэхэн мэргэжилтэн “Монгол савхи” компанийн зохион бүтээгчээр ажиллаж, үйлдвэр аж ахуйн газрууд хувьчлагдтал тус үйлдвэртээ ажиллажээ. 25 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй өөрийнхөө “Мон Ланс”-ыг жижгийн жижиг гэж тодорхойлсон Баасан захирал Монголын арьс ширэн бүтээгдэхүүн дэлхийд гайхагдах цаг хугацаа тун ойрхон ирсэн гэдэгт дэндүү итгэлтэй аж. Бидний яриа валютын урсгалыг дотогшоо чиглүүлж чадах нэг салбар арьс ширний үйлдвэрлэл атал яагаад дотооддоо санаанд хүртэл хөгжихгүй байгаа, хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой талаар өрнөсөн юм.

 
-Саяхан тодруулбал өнгөрсөн сарын 16-нд Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан "Made in Mongolia" үйлдвэрлэлийн форумын үеэр хүндтэй зочид, төлөлөгчиддөө монгол брэндийг харуулсан цүнх өгсөн нь танай бүтээгдэхүүн байсан байна лээ. Facebook-т уг цүнхний зургийг тавьсан нь дотоод, гадаадаас маш их тандалт авсан байсан. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсъё.
 
-Их сайхан үйл явдал болсон. Баяртай байгаа. Монголоо гэсэн сэтгэлтэй болгон бүтээгдэхүүнийг маань хэрэглэж байхад үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд маш том дэмжлэг тэр юм.Сүүлийн үед манай хүмүүст дотоодын үйлдвэрлэлээ дэмжье, бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэе гэсэн сэтгэхүй суух хандлага байна. Угаасаа харагдаж байна. Тэр Facebook-т тавьсан манай бүтээгдэхүүнд өгсөн лайк болон урт гэгч нь сайхан  сэтгэгдлүүдийг хараад үнэхээр урам авсан. Улам илүү сайхан хийгээд, дотоодын хэрэгцээг хангах юмсан гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Ажилчид маань хүртэл  “Facebook хараад ямар гоё юм бэ. Хийсэн бүтээснээрээ бахархаж байна. Монголын ард түмэн чинь нэгнээ сайхан дэмждэг юм байна ш дээ” гээд баяр хөөрөөр дүүрэн байхыг харах сайхан байлаа. Гадаадаас ч миний мэйл хаягаар маш их захиалга орж ирсэн байсан. Сэтгэгдлээ илэрхийлж байгаа бүх хүн бүтээгдхүүн авахгүй шүү дээ. Заавал худалдаж авахдаа гол биш, нэг хэсэг нь авна, нэг хэсэг нь сэтгэлээрээ дэмжсэн. Энэ бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хэрэглэе гэсэн сайхан уриалга гарч байгаатай ялгаагүй. Нөгөө талаас энэ салбарт зах зээл байна, хөгжил байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Энэ дэмжлэг нь манай арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрчдийн хувьд өгсөн дүгнэлт гэж бодож байгаа.

-Монголд цүнхний олон үйлдвэр байдаг. “Мон Ланс”-ын бусдаас ялгарах давуу тал юу вэ?
 
- Сүүлийн үед арьс ширээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд гутал, хувцас, боловсруулах үйлдвэрүүд ч цүнх жижиг эдлэл хийдэг болсон. Өрхийн үйлдвэрлэлтэй нийлүүлээд тооцвол бараг 200-гаад үйлдвэрлэгч болох байх.
Манай компани салбартаа тасралтгүй 25 жил үйлдвэрлэл явуулж байгаа анхны хувийн хэвшлийн цүнхний үйлдвэр юм. Тэгэхээр энэ олон жилийн үйлдвэрлэлийн туршлага, олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал, улсынхаа татвар /НӨАТ, ААНОАТ, ЭМНД, ХХОАТ/-т оруулсан хувь нэмэр, бүтээгдэхүүний загвар дизайн чанараараа ялгарах байх гэж боддог шүү. Манай бүтээгдэхүүн ихэвчлэн захиалгаар хийгдээд голдуу экспортод гардаг. Бүтээгдэхүүнээ ОХУ, Казахстан, Хятад, Герман, БНСУ руу гаргаж байна.
 
-Дотоодод үндэсний үйлдвэрийн арьсан бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг. Яавал бүтээгдэхүүний үнэ хямдрах вэ?
-Энд бас л жижиг, томыг ярих гээд байна. 3-5 хүнтэй үйлдвэр цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Байрны түрээс, цалин гээд зөндөө зардал гарна. Гэтэл цөөхөн юм үйлдвэрлэж гаргаж байгаа болохоор цөөн барааны нэгжийн үнэ өндөр байжийж зардлаа нөхнө шүү дээ. Бүтээгдэхүүн олон ширхэгээр гарах тусам нэгжийн үнэ буурах ёстой. Цөөн тооны үйлдвэрлэл хэзээ ч хямдрахгүй. Үйлдвэрүүд том байж, олон тоогоор үйлдвэрлэж байж ард түмэнд хямд бүтээгдэхүүн очино. Тийм болохоор манай зах зээлд дотоодын бүтээгдэхүүн үнэтэй гэж ярьдаг. Массын үйлдвэрлэл байхгүй юм чинь аргагүй. Үйлдвэрлэлд 20 хувийн ашиг маш өндөрт тооцогддог. Гэтэл манай жижиг, дунд, өрхийн  үйлдвэрлэл өртгөө 100-200 хувь хийж байж амьдарч байна. Цүнхний тоног, цахилгаан, дотор бүх юм импортынх. Ганцхан арьс нь л дотоодынх.  Импортын бараа санаснаар хямд олдохгүй шүү дээ. Гэх мэт нөлөөлөх зүйл олон. Тиймээс бүтээгдэхүүний үнийг хямд байлгая гэвэл олон жижиг үйлдвэр биш, их хэмжээгээр үйлдвэрлэдэг том үйлдвэрүүд байх ёстой.
 
-Та салбарынхаа ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ. Уг нь томорч хөгжих боломжтой салбар атал өнөөдрийг хүртэл жижиг хэвээр байгаад байна. Цаашид юунд анхаарч ажиллах ёстой вэ?
 
- Зовлон яривал их л дээ. Гэхдээ би хувьдаа аль болох гэгээлэг талаас нь хардаг. Манай салбарт маш сайхан ирээдүй бий гэдэгт  итгэдэг. Хэрвээ зөв хөгжүүлбэл Монгол Улсын эдийн засагт маш их юм өгч чадах салбар. Өгч ч байсан түүхтэй. Дахин хэлэхэд одоо жижигрүүлж л болохгүй. Бүр  жижгэрчих гээд байгаа. Тодорхой үйлдвэрүүдийг бодлогоор томруулж бусад жижиг үйлдвэрээ  кластераар хөгжүүлээд аваад явах хэмжээний жишиг томоохон үйлдвэрүүдийг бий болгох хэрэгтэй.Тэр дундаа манай эцсийн бэлэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид  маань  жижиг дундын жижиг нь гэж би хэлдэг юм /инээв/. Жижиг дундын арай том байж болно оо доо.
 
-Яагаад.  Жишээ нь танай үйлдвэр гэхэд 25 жилийн туршлагатай, хүмүүст  танигдсан биш үү?
 
-Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээ, ажиллах хүчний тоо энэ тэрийг харьцуулбал арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийнхээ дотор жижигт орохгүй л дээ. Ерөнхий объёомоор нь харьцуулахад бид дэндүү жижигхэн. Өнөөдөр манайд олон улсын том үзэсгэлэнд зардлаа даагаад явах хэмжээний үйлдвэр хэд байна гэхээр хэцүү шүү дээ. Олон улсын үзэсгэлэнгийн павилион 40-50 мянган доллар. Ам метр нь 5000, 8000 ам долларын үнэтэй. Нэгэнт оролцож байгаагийнх нэг ам метр лангуун дээр бүтээгдэхүүнээ тавина гэж байхгүй. Сайхан тохижилттой,  улсынхаа нэрийг гаргаж оролцоход  адаглаад 18 ам метр талбай авмаар санагдана. Гэтэл тэр санхүүг даах газар манай салбарын жижиг, дунд үйлдвэрлэлд байхгүй. Хийц загвараар хаанахын хэнд ч гологдохооргүй бараа бүтээгдэхүүн хийж болж байна. Хийсэн бүтээснээ гадагшаа сурталчилах хүсэл сонирхол маш их байдаг. Ганцхан эдийн засагтаа баригддаг.  Жишээлбэл, Италийн том үзэсгэлэнд манайх  ганцаараа оръё гэж бодоход  50-60 мянган ам.доллар гаргаж байж тэнд очиж бүх юмаа хийнэ. Буудал, тээврийн зардал, ачаа тээш, павилионыхоо интрьер дизайн бүх зүйлээ цогц болгоод аваад явъя гэхэд  үнэхээр хүнд. Тэгэхээр энд байхын тулд бид нэгдэх ёстой. Томорч байж гадагшаа зах зээл рүү том харж үйлдвэрлэл эрхлэнэ. Гадаадаас тэр хэмжээгээрээ захилга авна. Захиалгаа нэгдсэн журмаар авлаа, үйлдвэрүүддээ тарааж хийлгээд, экспортолдог нэгдсэн систем хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүйгээр явахад тун бэрх. 
 
- Төр та нарын олон улсын үзэсгэлэнд оролцох бололцоог хангаад  ядаж  павилионых нь төлбөрийг хүртэл хийгээд өгвөл  итгэл хөсөрдүүлэхгүй яваад ирэх үү ?
 
-Чадна гэдэгт бүрэн итгэж болно. Манай салбарт маш гоё ирээдүй байгаа гэж би дахин дахин  хэлэх дуртай. Тийм болохоор их  гоё хөгжүүлэх ёстой юм. Бид өнөөдөр өөр өөрсдийнхөө хэмжээнд гадаадын үзэсгэлэнгүүдэд оролцож байна. Явах тоолондоо олзтой ирдэг. Гэтэл үйлдвэрүүд хэт жижиг учраас захиалгаа дийлэхгүй хэмжээнд бий. Олон улсын үзэсгэлэнд том  оролцсоноороо ямар үр дүн гардаг вэ гэдэг туршлагыг би мэддэг. Намайг “Монгол савхи” компанийн зохион бүтээгч байхад Францын үзэсгэлэнд оролцсон юм. Тухайн үед  Арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж байсан. Томч павилион ч авсан. Тэгэхэд тэр том үзэсгэлэнгээс маш их захиалга авч чадаж байсныг нүдээрээ хараад сууж байлаа. Том үзэсгэлэнд орж, том захиалга авдаг гэдгийг би эндээс харсан. 
 
Нэгэнт бид мөнгөө гаргаж чадахгүй юм чинь яахав дээ, тэр хэрэгтэй хэрэггүй юманд зараад байдаг мөнгөнөөсөө бидний павилионыг аваад өгч болно. “Павилионыг чинь яам аваад өгье. Та нар өөрсдөө зардлаа даагаад, Монгол Улсын нэрийг гаргасан дээд зэргийн бүтээгдэхүүн хийгээд олзомогтой явж ирнэ шүү, нөхдүүд минь” гэвэл дор бүрнээ л хариуцлагатай хандаж, сайн явж ирэхийн төлөө хичээнэ. Төрөөс тэр их өндөр мөнгө төлөөд дэмжээд өгчихсөн байхад хүн юм чинь нэг юм бодно оо доо. Гэх мэтээр үйлдвэрүүдэд юу дутагдаж байна, хаана нь ямар дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг зөв талаас нь гярхай харах ёстой. Жижигхэн дэм өгөхөд явчих гээд байгаа үйлдвэрүүд ч байна.
 
-Аж үйлдвэрийн яамтай болсноор асуудал өөрчлөгдөх хандлага байна уу. 
 
-Хэт жижигрүүлдэг нь буруу юм байна, том байж үйлдвэрлэл жижгүүдээ чирэх ёстой юм байна гэдгийг яам маань ойлгосон. Тэр ч чиглэлээр бодлогоо гаргаж байгаа бололтой юм. Энэ бол яг зөв өнцгөөс харж байна. Салбарын яамтай болсноор аж үйлдвэрлэл хөгжихэд шаардлагатай зорилт стратеги, бодлогоор хангаж чадна гэж бодож байгаа. Үйлдвэрлэлийг импортыг орлох, экспортод тулгуурлан хөгжүүлэх нь маш чухал байна. Гэхдээ тухайн салбартаа хүчин чадал өндөртэй шинэ технологи, иновацид суурилсан салбарынхаа бодлогыг тодорхойлж чадахуйц тодорхой тооны томоохон үйлдвэрүүдийг бодлогоор гаргаж ирж  хөгжүүлэх нь чухал байна. Тэгвэл тэд бусад жижиг үйлдвэрүүдээ кластераар хөгжүүлэн авч явах боломжтой болно.
 
-Арьс ширний салбарт Чингис бондоос 140 тэрбум төгрөгийн зээл олгохоор хуваарилсан  байсан. Танайх тэр зээлд хамрагдсан уу?
 
-Төр, засгаас арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь манай арьс шир боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болж байгаа. Манай салбарын олон үйлдвэр уг хөнгөлөлттэй зээлд хамрагдан техник технологио шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ  нэмэгдүүлэхэд анхаарч байна. Манай компани одоогийн байдлаар зээлд хамрагдаагүй байна.
 
-Олон улсын үзэсгэлэнд хэр оролцдог вэ?
 
-Өнөөдөр арьс ширний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл том байхыг зах зээл шаардаж байна.Бид нар зүгээр гараа хумихаад суудаггүй, олон улсын үзэсгэлэнд хэр чадлаараа оролцохыг хичээдэг. Одоо манайх энэ  сарын 14-нд Германы “Berlin Bazaar” үзэсгэлэнд оролцохоор явах  гэж байна. Мөн Итали, БНСУ, АНУ-ын үзэсгэлэнд оролцоно. Ингээд яваад байна гэдэг зах зээл хайгаад л арьс ширэн бэлэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах бэлтгэлээ л хийж байгаа гэсэн үг. Манай үйлдвэрт Голландын цүнхний "Bulaggi" брэндийг эзэмшигч захирал Wim Walraven өнгөрсөн жил ирж сарын хугацаатай зөвлөгөө өгч, сургалт хийсэн. Тэрбээр  Монголын арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд брэнд болон гарах бүрэн боломжтой, тэр цаг хугацаа ч ойрхон байна гэж тодорхойлсон. Мөн  гадагшаа явахаар бидний хүчин чадлаас давсан захиалга олддог. Тийм болохоор л том зээл авч, том хөдлөхийг хүсээд байгаа  хэрэг. Энд хэн нэгэн нь энэ том зээлээр яах гэж байгаа гээд гайхаад байх юм ер байхгүй.
 
-Манайхан арьсан бүтээгдэхүүн  чанартай гэдэгт итгэдэг. Өргөн  хэрэглээ болж чадахгүй байгаа нь монгол хүн хийсэн гэхээр л чанаргүй болчих юм шиг ойлголт байдаг  юм болов уу. Та үүнийг юу гэж боддог вэ?
 
-Зүгээр манайхны цамаанзан.Хятадынбараагчанартайгээдавчхэрэглээдбайгааюмуу.Үгүйш  дээ. “Харсан хүн авбаа. Авсан хүн хаяваа” гэсэн үг байдаг биздээ.Тэрийг голохгүй эдэлж хэрэглээд байж, яахаараа монгол хүний хийсэн юмыг голох ёстой юм. Монгол улсаа өөд нь гаргая, үйлдвэрлэл хөгжүүлье гэж бодож байгаа бол дотооддоо хийсэн бүтээгдэхүүнийг голох эрхгүй гэж би боддог. Чанартай болгохын тулд харин эдэлж хэрэглэж үзээд, санал сэтгэгдлээ хэлж, алдаа байвал засаж, тухайн үйлдвэр нь хэрэглэгчдийн зүгээс ирсэн санал гомдлыг нь тусгаж авдаг байх ёстой. Тэгж байж л үйлдвэрлэл хөгжинө.
 
-Монгол малын арьс  шир дэлхийн брэнд гаргахад шаардлага хангахаар байгаа юу?
 
-Бид одооноос эхлэн үйлдвэрлэл технологийн шаардлага хангасан түүхий эд  бэлтгэхийн тулд малаа эрүүлжүүлэх, цаг хугацаанд нь тарилга туулга,  угаалгад хамруулах, сумдад мал нядалгааны орчин үеийн цех бий болгох, малчдаас эхлээд арьс шир, түүхий эд бэлтгэгч нар дор бүрнээ хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Эрүүл, чанартай арьс шир  бэлтгэж, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, боловсруулах үйлдвэр нь техник технологио сайжруулан чанартай химийн материал ашиглан бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан цагт манай бүтээгдэхүүн дэлхийн брэнд болох шаардлагыг хангана.
 
Одоогийн байдлаар манай арьсны талбайн ашиглалт маш бага. Гэтэл импортын арьсыг 80-90 хувьтай ашигладаг. Дотоодын арьсны ашиглалтын талбай гэмтэл, хээл гээд янз бүрийн юмнаас болоод 50 хувь ч хүрдэггүй. Цүнх дээд зэргийн маш сайхан арьстай байж гоё болдог. Энэ салбараас ДНБ-ий тодорхой хувийг үйлдвэрлэхийн тулд шат шатандаа тэгээсээ эхлээд технологийн дагуу явах ёстой. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь дэлхийн зах зээлд гарах бэлтгэлээ хийж загвар дизайн, үйлдвэрлэлийн технологио  сайжруулаад, брэнд гаргах бүтээгдэхүүнийхээ туршилтыг хийгээд, загваруудаа гаргаад, олон улсын үзэсгэлэнд оролцон, захиалагчаа бэлдэхэд хугацаа орно.  Тиймээс бид энэ хугацааг маш зөв ашиглах хэрэгтэй байна.
 
-Таны ярианд бид гадагшаа гарахын тулд нэгдэж цул болох ёстой гэж дурьдлаа. Тэр их чухал байх шүү.
 
-Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл манай улсад тийм ч хангалттай төвшинд хөгжиж  чадаагүй байна. Бид бүтээгдэхүүнээ их хэмжээгээр экспортолж  брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсэж байгаа бол жижиг үйлдвэрүүд маань нэгдэн багц болж гадаад зах зээл юу сонирхож байна, юу эрэлт ихтэй байна гэдэгт тулгуурлан үйлдвэрлэлээ  өргөжүүлээд явбал экспортыг  маш олон төрлөөр нэмэгдүүлэх боломжтой.
Ингэхийн тулд өрхийн жижиг дунд үйлдвэрлэлээ нэгтгэн томоохон аж үйлдвэрүүдийг бий болгож том зорилготойгоор салбараа хөгжүүлэх хэрэгтэй байна.