Сайн дурынхны шавхагдашгүй хүч

Сайн дурынхны сайн санаа, эвлэж нийлсэн хүчгүйгээр АСЕМ гэх том давааны ард гарна гэдэг юу л бол. Дээд түвшийн уулзалт, болон дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубууд, Их дээд сургуулийн оюутнууд гээд 1500 орчим залуус оролцож байна. 

Эдгээр залуус сайн дураар буюу зөвхөн өөрсдийн идэвхи санаачлагаар буюу цалин хөлсгүйгээр ирсэд зочдод замчлах, угтаж авах, тэдний аюулгүй байдал, бичиг хэрэг, зохион байгуулалтын ажилд тусалж байгаа. Харин энэ үйл хэрэгт гар бие оролцсоноор өөрсдөдөө их туршлага олж авч байгаа. 

Тухайлбал, тэднийг “чиглүүлэх” сургалтад хамруулж албаныхан болон ахмад дипломатчид сонсгол, хичээл зааж байгаа аж. Тэднийг аравт, тавьт хэмээн бүлэглэн зохион байгуулалтад оруулж, гүйцэтгэх үүрэг, ажлын чиглэлээр нь сургалтад хамруулж байгаа юм байна. “Чиглүүлэх сургалт”-аар олон улсын харилцаа, дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага, зохион байгуулалтын талаар мэдлэг олгож буй. 
 
Сайн дурын ажилчдын ирэх хурал чуулган, дээд хэмжээний уулзалтын үеэр ажиллах хугацаа нь ойролцоогоор 12 хоног байгаа. Энэ нь тэд төсвийн 300 ажилчны бүтэн сарын ажлыг нугалж байгаа хэрэг бөгөөд төдий хэмжээний хувь нэмрийг улс эх орондоо оруулж байна.  
 
Өнгөрсөн сард болсон Ази, Европын түншлэлийн есдүгээр уулзалтын үеэр 50 гаруй сайн дурын ажилтан ажиллажээ. 
 
 
 
Ц.Элбэгсайхан