Coal & Metals Mongolia: Сайн ба сайнгүй мэдээн дунд

Уул уурхайн салбар өнгөрсөн онд төсвийн орлогын 18 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг бүрдүүлжээ . Үүнийг таваарын үнэ унасан цаг үед “чамлалтгүй амжилт” хэмээн  Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр “COAL and METALS MONGOLIA-2016” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ дурдсан. 

Тэрбээр мөн Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөхүүлэн дэмжиж, хамтран ажиллах бодлого баримтлаж байгаа гээд энэ хүрээнд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан” хэмээв. Цаашид үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлж төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн хангамжийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх, татварын бодлогоор дэмжих бодлогыг Монгол Улсын Засгийн хэрэгжүүлэх болно гэсэн. 
 
Түүний хэлсэн үгийн агуулга ерөнхийдөө үүнд багтаж байгаа бөгөөд тэрбээр хэтэрхий ерөнхий ярьсан уу эсвэл түүний амжилт гэж хэлсэн нь оновчтой үг байсангүй юу, ямар ч байсан танхимд ирсэн зочдоос хэт цөөхөн нь алга ташин тайзнаас үдэв. Дараа нь Монгол Улсын сайд М.Энхсайхан илтгэл тавьсан. Энэ удаад тэрбээр уул уурхайн суперцикл гэж юу болохыг тайлбарласангүй.
 
Харин Тавантолгой төсөл яагаад унасан бэ гэдэг шалтгааныг тайлбарласан. Үндсэн хоёр л шалтгаан нөлөөлжээ. Эхнийх нь мега төслийн талаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, яамдад ч ойлголтгүй байсан гэв. Төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-аас 200 гаруй асуулт ирсэн байна. Гэвч тэдгээр нь бүгд маш энгийн зүйлүүд байсан хэмээв. Түүнчлэн иргэд популизмд автамхай байгаа нь ч төсөл урагшлахад саад болж байсан. Хоёрдугаарт цаг хугацаатай уралдахын ач холбогдлыг ойлгохгүй байгаа гэв. Хэрэв төсөл амжилттай хэрэгжсэн бол өгөөж нь 7.7 хувь байж хөрөнгө оруулалтын зардлаа 13 жилийн дараа нөхөх байсныг тэрбээр дурдсан.
 
Түүнээс гадна эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх хоёр мега төслийн талаар мөн танилцуулсан. Тухайлбал, Тавантолгой, Шивээ-Овоогийн цахилгаан станц баригдсанаар эрчим хүч экспортлох боломжтой юм. Тавантолгойн цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагч шалгарсан ч одоо, хөрөнгө оруулагч талтай хамтран банкуудтай тохиролцох нэн чухал ажил байгаа аж. Харин Шивээ-Овоо цахилгаан станцын төслийн хувьд ОХУ Амар мөрөнд цахилгаан станц барих төсөл өрсөлдөгч болон гарч иржээ. Тиймээс цаг хожих гэдэг асуудал туйлын чухал асуудал болж байна. 
 
Мөн дэлхий даяар нүүрсний хэрэглэдэг цахилгаан станцаас татгалзаж байна. Хүлэмжийн хийн ихээр ялгаруулдагтай холбоотой бөгөөд технологийн улам боловсронгуй сонголт хийж буй. Олон улсад supercritical, ultra supercritical зэрэглэлийн технологийг ашиглаж байгаа бол Монголд зах зээл багатайгаас эдгээрээс доогуур түвшний subcritical технологи л ашиглах боломжтой аж. Гэтэл OECD саявтархан нэгэн хөтөч баримт бичиг гаргасан бөгөөд нүүрсний эрчим хүч үйлдвэрлэгч станциудад хоёроос олон генератор ажиллуулахгүй байхыг санал болгожээ. 
 
Өнөөдөр хэлэлцсэн олон сэдвүүдийн нэгэн сонирхол татсан илтгэл нь “Шангси Кокинг Коал Сэйлс Женерал” компанийн ерөнхий менежер Фен Вингшенгийн “Хятадын коксжих нүүрсний нөөц ба зах зээлийн шинжилгээ” байлаа. 
 
Түүний илтгэлээс сайн, нааштай мэдээ нь илүүтэй хоногшин үлджээ. Тухайлбал, хятадад гангийн үйлдвэрлэл сэргэх хандлага ажиглагдаж эхэлж байна, эрэлт бий болж байна гэж тэр хэлсэн. Түүнчлэн дотоодын төмөр замын тээврийн зардал нь хямдарч байгаа гэв. Энэ бүхэн нь нүүрсний экспорт өсөх, цаашлаад гуравдагч зах зээл рүү нийлүүлэх зардал буурах нь гэсэн эерэг хүлээлтийг бий болгож байх шиг. Гэхдээ эрсдэл байсаар байгааг тэр давхар сануулж байв. Гангийн үйлдвэрлэлд гарсан өсөлт цаашид хадгалагдах эсэх нь эргэлзээтэй. Зөвхөн зарим үйлдвэр л үйлдвэрлэлээ нэмсэн. Мөн тус улсын гангийн экспорт багасч байгаа. Тиймээс энэ өсөлтийг дотоодын зах зээл нь шингээх эсэхийг одоо хэлж мэдэхгүй. 
 
Шангси нутгийн коксжих нүүрс бол Зүүн өмнөд Ази, ялангуяа Япон, Солонгост нийлүүлэгддэг томоохон орд. Өнгөрсөн хугацаанд зах зээл дээр хэдийнэ байр сууриа олчихсон, өөрийн гэсэн брэндийг бий болгосон. Таван толгойн өрсөлдөгч гээд шууд хэлчихэж болох ч тэрбээр индэр дээрээс тэс өөр үгсийг хэлж байв. Эсрэгээрээ хамтарч ажиллая, Япон, Солонгос руу Таван толгойн коксжих нүүрсийг экспортлоё гэх юм. Хэдийгээр “Шангси”-гийн нүүрс коксжих ч чанараар Таван толгойнхоос доогуур. Таван толгойн коксжих нүүрс нь хэрэглэгчдийн хүсэл сонирхол, шаардлагад бүрэн нийцсэн ажээ.
 
Харин хамтарч ажиллах боломж нөхцөл хэр байгаа тухайд тэр хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан хэдэн баримт бичиг, өнгөрсөн жилүүдэд өмнийн говийн нүүрсний уурхайнуудтай хийсэн танилцах уулзалтыг дурдаад боломж нээлттэй байгаа гэж хэлсэн. Гэхдээ одоогоор бодитой хэрэгжүүлсэн ажил үгүй.
 
 
Ц.Элбэгсайхан