Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн оролцоо олон улсын семинар болж байна

Гадаад Хэргийн яамны “Олон улсын хамтын ажиллагааны сан”, Канадын “Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэн” хамтран энэ сарын 15-18-ны өдөр “Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын семинарыг Гадаад Хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж  байна.
 
Энэхүү семинар нь уул уурхайн том том төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд төр нь ямар оролцоотой байж, ямар үүрэг гүйцэтгэдэг талаар оролцогч орнуудын уул уурхайн яамны төлөөлөгчид харилцан туршлага солилцох, энэ чиглэлд чухам ямар сорилтууд тулгарч байгаа, ямар бодлого, арга замаар шийдвэрлэх талаар ярилцаж, санал солилцох зорилготой юм.
 
Семинарт Афганистан, Киргиз, Лаос, Мъянмар улсын төлөөлөгчид болон Монголын Засгийн газрын Уул уурхай, Эрдэс баялгийн яамны мэргэжилтнүүд, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах түвшний албан хаагчид,ТББ, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байна. 
 
Тухайлбал, өнөөдрийн хуралдаанаар Монголд ил тод байдлыг бий болгох чухал байгаа. Хэдийгээр энэ чиглэлээр ахиц дэвшил гарч буй ч түүнийг стандарт болгон мөрдүүлэх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлэн хэлэлцсэн юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль зэрэг эрх зүйн орчин бүрдэж байгаа ч түүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус, иргэд нийтэд хүрэх ёстой олон мэдээлэл хаалттай байдаг тухай иргэний нийгмийн байгууллагууд хөндөж байв.
 
Нөгөө талаас компаниуд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудыг хэт хардамхай байж олон нийтэд сөрөг мэдээлэл түгээж бизнест ашиггүй нөхцөл байдал бүрдүүлдэг гэсэн шүүмжлэл гарч байв. Тиймээс төрийн бус байгууллагууд уул уурхайн компаниуд харилцан ойлголцож нийгэмд буруу, худал мэдээлэл тархахаас сэргийлж ул суурьтай мэдлэг, мэдээлэлд тулгуурласан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
 

Н.Алгаа: Монголд төрөөс илүү улс төрийн оролцоо их 

Уг семинарт оролцож байгаа “Монголын уул уурхайн үндэсний ассосиаци”-ийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа. 
 
-Уул уурхай дахь төрийн оролцоог дотооддоо байнга хөндөж, ярьж байдаг сэдэв. Энэ удаад олон улсын хэмжээнд семинар зохион байгуулж байна. Энэ удаад өмнө хөндөж байгаагүй сэдэв юу байв?
 
-Бидний ярьдаг л зүйлс. Шийдлээ хайж байдаг тэр л сэдвүүд байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, зээлийн хөрөнгө оруулалт, хувь эзэмшил, цэвэр төрийн өмчид байх гэх мэт. 
 
-Үр дүнгийн талаар. Семинарт оролцогч орнуудтай харьцуулахад Монголд төрийн оролцооны хэлбэр хэр ялгаатай байна?
 
-Зохион байгуулж байгаа нь Канаадын Засгийн газрын дэмжлэг туслалцаатай. Монголд зохион байгуулж байгаа нь манайхтай ижил төстэй зах зээл, хөгжлийн онцлогтой орнуудыг оролцуулж байгаатай холбоотой. Энд оролцож байгаа орнуудад тулгарч байгаа бэрхшээл нь хоорондоо ижил төстэй шинж чанартай байна. Тиймээс хоорондоо мэдээлэл солилцох, зөвлөлдөх зорилготой уулзалт хэлэлцүүлэг өрнөж байна. Монголчуудын хувьд тодорхой асуудалд олон байр сууринаас хандаж, санаа бодлоо илэрхийлэх нь чухал. Асуудлыг ойлгоход үр ашигтай мэдлэг хуваалцсан семинар болж байна.
 
-Хөгжлийн ижил түвшинд явж байгаа гэж та хэллээ. Монгол улс түүн дотор хаахна явна?
 
-Илтгэлүүдийг сонсож байхад улс орнууд ижил асуудалтай байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас Монгол түрүүлж алхаж байгаа тал бий. Тухайлбал, Киргизид улс төрийн байдал тогтворгүй, хоёр ч удаа хувьсгал болж ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглалд шилжсэн, Мянмар мөн цэргийн дэглэмээс салаад удаагүй байна. Тэгэхээр шинээр хөрөнгө оруулалт татаж байгаа гэдэг утгаараа ижил бэрхшээл их юм. Их багын ялгаа л байх шиг байна. 
 
-Төрийн оролцоо ямар түвшинд байна?
 
-Уул уурхайн салбарт Эрдэнэс Монгол гэж компани стратегийн ордуудад төрийг төлөөлөн хувь эзэмшиж байгаа. Энэ утгаар харах юм бол Оюу Толгойн 34, Тавантолгойг 100 хувь, Багануур, Шивээ-Овоо гэх мэт эзэмшдэг газрын доорхи баялгаар нь авч үзвэл хамгийн том үнэлгээтэй компани нь Эрдэнэс Монгол ХХК. Нөгөө талаас хууль тогтоомжид зөвхөн стратегийн ач холбогдолтой компанид л төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоодог. Тэгэхлээр бас хязгаарлагдмал. Нэмэгдэх боломж бага. 
 
Нэгэнт энэ баялгийг эзэмшиж байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах  асуудалд анхаарах ёстой. Хувийн хэвшилтэй адилхан байхгүй ч бизнесийн үйл ажиллагаанд чиглэсэн засаглал хэрэгжүүлж байгаа юм бол хувийн хэвшилтэй шударга өрсөлддөг, илүү эрх дарх эдэлдэггүй, эсхүл саад болдоггүй, тэгш бус байдлыг үүсгэхгүй байгаасай. Одоо бол үүсчихээд байна. Жишээлбэл Тавантолгойд төрийн эзэмшилтэй компани давуу эрх дархтай байна. Гэтэл Эрдэнэтийг болохоор байж болох бүх татвараар дарамталж байна. Түүнээс болоод Эрдэнэт үйлдвэр өөртөө хөрөнгө оруулж, хөгжиж чадахгүй байх зэрэг ялгавартай ханддаг тал байна. Энэ нь эргээд бизнесийн орчинд шударга бус байдлыг бий болгож байгаагаараа хортой. 
 
-Эрдэнэс Монгол ХХК “Темасек” болох зорилго тавьж байгаа. Тийм боломж бий юү?
 
-Хүсэл, зориг хоёр л шийдэх асуудал. Сая Хүний хөгжлийн тухай хуулиар зохицуулж байсан давхардлыг арилгаж компанийн засаглалын тухай хуулиар зохицуулахаар болсон нь эхний алхам. Дараа нь Азийн хөгжлийн банкнаас засаглалаа сайжруулах хөтөлбөрт зээл авлаа. Тэдний зүгээс компанийн засаглалын шаардлагыг хангаж байвал зээл олгоно гэсэн. Гэх мэтчилэн шат дараатай ажил хийж байна. Боломжгүй зүйл биш. Зөвхөн хүсэх хэрэгтэй, хийх хэрэгтэй. Төр удирдахаар л муу байдаг гэж туйлширч болохгүй. Хоёрдугаарт, Монголд төрөөс илүү улс төрийн оролцоо их байна.
 
 

Ц.Элбэгсайхан