Зочдоо хүлээж буй зочид буудлуудын бэлтгэл

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үндсэн хурлууд болоход сар гаруйхны хугацаа үлджээ. Улсын баяр наадам, аялал жуулчлалын оргил үетэй зэрэгцэн зохион байгуулагдах эдгээр хурлуудтай холбоотой тодорхойгүй хэд хэдэн асуудал байгаагийн нэг нь дээрх уулзалтын үеэр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлууд жуулчид хүлээн авах эсэхтэй холбоотой. Энэ талаар Монголын зочид буудлын холбооны тэргүүн С.Мөнхбат “Төвийн гэгдэх Shangri La, Blue Sky, Best Western Tuushin өөрсдийн зочид, жуулчдыг хүлээн авна. Түүнчлэн энэ гурван том зочид буудлаар хязгаарлагдахгүйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бусад зочид буудал ч жуулчдынхаа захиалгыг аваад явж байна” гэх тайлбарыг АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд хурлын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгээс зарласан хэвлэлийн хурлын үеэр өгсөн юм.

Уг дээд хэмжээний уулзалтын гийчдийг хүлээн авахаар Улаанбаатар хотын хэмжээнд 40 зочид буудал сонгогдон бэлтгэл ажлаа хангаж буй. Анхлан 47 буудал түншлэлийн хамтын ажиллагаа эхлүүлэхээр зөвшилцөөд байсан. Өнөөдрийн байдлаар долоон зочид буудал тодорхой шалтгааны улмаас албан ёсоор нэрээ татжээ. Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын захирал бөгөөд дээрх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Тэгшжаргал “Бэлтгэл сайн хангагдсан гэж бид үзэж байна. Ажлууд хуваарийн дагуу явж байгаа. Үндсэн хуралдаан Шангри Ла зочид буудалд болохоор төлөвлөгдсөн. Мөн дээд хэмжээний уулзалтад ирэх төлөөлөгчдийн тэргүүн нарыг байрлуулах АСЕМ виллагийн бэлтгэл ажил сайн явж буй. Зочид буудлуудтай холбоотойгоор мэдээлэл өгөхөд 40 буудлаас долоон зочид буудлыг хэвлэлийн төлөөлөгчдөд зориулж буй” гэлээ. Хэвлэлийн төлөөлөгчдөд зориулсан Улаанбаатар, Баянгол, Гранд Хилл тэргүүтэй зочид буудлуудад тусгай шаардлагууд гарган ажиллаж байгаа бөгөөд аюулгүй байдал, хурлууд болох газартай байршил ойр байх зэрэг багтаж буй аж.   

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад 5000 төлөөлөгч, тэдгээрээс 1000 орчим нь хэвлэлийнхэн байна гэх анхны тооцоо гарсан. Өдгөө 3000 албан ёсны, 800-1000 хэвлэлийн төлөөлөгч ирнэ гэсэн тоо гарчээ. Хурлын зочдын бүртгэл эхэлсэн төдийгүй онлайн хэлбэрээр хүлээн авч байгаа юм байна. Түүнчлэн үүнтэй холбогдуулан зочид буудлын бүртгэлийг ч мөн эхлүүлсэн талаар Т.Тэгшжаргал дуулгалаа. Тэрбээр “Хотын төв дэх гурван том буудалд ихэнх орны төлөөлөгчид буухаар хүсэлт тавьж байгаа. Гэхдээ нэг улсын төлөөлөгчид бүрэн баг бүрэлдэхүүнээрээ  нэг буудалд байрлах эсвэл тэгш бус хуваарилалт үүсгэхгүйн тулд зочдыг аль болох жигд хуваарилахаар зохион байгуулж байна. Тухайлбал, Шангри Ла зочид буудал 24 орны 280 төлөөлөгч буухаар байна. Туушинд гэхэд 16 орны 190 төлөөлөгч байрлах бол Блю Скай зочид буудалд долоон орны 180 төлөөлөгч буух захиалга хийгдсэн. Төлөөлөгчид хурлын байртай ойр буудлуудад захиалга хийж байгаа. Эдгээрийн захиалга дуусахаар бусад буудлынх гэх мэтээр өргөжөөд явна. Өнөөдрийн байдлаар төвөөс зайдуу буудлууд захиалга бүрэн хийгдээгүй байна” хэмээв. Тэгэхээр хурлын тов ойртох тусам захиалга эрчимжих юм байна.

Зочид, төлөөлөгчдийг хүлээн авах буудлуудыг дэмжих үүднээс тохижилт, хүний нөөцийн асуудалд анхаарах үүднээс шалгарсан буудлуудад зээл олгож буй. Зочид буудлууд тухайн арилжааны банктай зөвшилцөн хүүгийн болон эргэн төлөлтийн нөхцөлөө тохирч байгаа. Хэдийгээр анхлан есөн хувийн хүүтэй байхаар яригдаж байсан ч улсын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн арилжааны зээлд шилжүүлэхээр болсон талаар Монголын зочид буудлын холбооны тэргүүн С.Мөнхбат хэллээ. Зээлийн санхүүжилтэд 150 тэрбум төгрөгийг бондын мөнгөнөөс төсөвлөсөн бөгөөд одоогоор 121 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэсэн байна. Хэчнээн буудал зээлээ авсан талаар нарийн тоо байхгүй ч зээлийн хүсэлт илгээсэн зочид буудлуудын 50 хувь нь санхүүжилтээ авсан гэдгийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга уламжилсан. Түүнчлэн зээлийн хүү 12-14 хувь хэлбэлзэж байгаа нь зочид буудал бүрт тавигдаж буй шаардлага өөр байгаатай холбоотой аж.

Хуралтай холбоотой анхаарал татаж буй бусад асуудлын тухайд тоймловол уг ажлын хэсэг Хөдөлмөрийн яамтай хамтран өнөөдрийг хүртэл 12 удаагийн мэргэжлийн сургалт зохион байгуулж, 1600 гаруй ажилтан хамруулжээ. Мөн ажилгүй 800 иргэнийг холбогдох сургалтад хамруулах чиг үүргийн хүрээнд 600 орчим хүнийг сурган зочид буудлуудад зуучлах ажил зохион байгуулж байгаа юм байна.

 

 

Б.Үүрийнтуяа