Бөмбөрцгийн чихнээ “Говь”

“Говь" гэдэг нэрийг яагаад оноосон юм бол доо гэж үйлдвэрийн цэнхэр ханан дундуур алхаж явахдаа бодож байлаа. Өнөөдөр уул уурхайн мега төслүүд өмнийн шаргал говиос их баялгийг бүтээж байна. Энэ бүхэн нэг л учиртай ч юм шиг бодол “Говь” компанийн үйлдвэртэй танилцаж байхад төрж билээ.
 
Малчдаас ирсэн шороотой нолуурыг ялгаж цэвэрлэх гар дамжлаганаас эхлээд 100 хувийн ноолууран тансаг пальто үйлдвэрлэх хүртэл энэ олон хүний хамтын хөдөлмөр хэрхэн нэмүү өртөг, бодит баялгийг бүтээдгийг үзээд тэдэнд мөн ямар их боломж байгааг төсөөлж ядан байлаа. “Эрдэнэт” уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагын бодит жишээ болдог шиг “Говь” хөдөө аж ахуйд тулгуурласан хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх ёстойн үлгэрлэл юм. Өнөөдөр энэ үйлдвэрт 1300 хүн ажиллаж, жилд 450 тонн түүхий эд буюу ноолуур бэлтгэж байна. Энэ нь хүчин чадлынхаа талд ч хүрэхгүй байгаа хэьэг. Тэд ирэх таван жилд энэ хүчин чадлаа 100 хувьд хүргэж 1000 тонн түүхий эд бэлтгэх зорилт тавьжээ. Ингэснээр ажилчдынхаа тоог 1800-д хүргэнэ. 
 

 

Франц сүрчиг, Швейщар цаг, Итали хувцас загвараар дэлхийд алдартай. Тэгвэл Монгол юугаараа алдартай вэ? Монголын ноолуур бол дэлхийл тавцанд гарсан брэнд юм. Байгалиасаа дөрвөн өнгийн ноолуур өгдөг монгол ямаа нь дөрвөн улиралд амьдардаг учир ноолуур нь хүйтэнд тэсвэртэй, нарийн голчтой, хөнгөн гэдэг. Монгол Улс дэлхийн ноолуурын 40 хувийг хангаж, хоёрдугаарт ордог томоохон нийлүүлэгч. Гэв ч экспортод гаргаж байгаа ноолууран бүтээгдэхүүний 10 хувь нь л бэлэн бүтээгдэхүүн. Үлдэж буй хэсгийг түүхийгээр нь гаргаж байна.
 
Тэгвэл ноолууран “пальтогоороо” дэлхийд танигдах бүрэн боломж Монгол Улсад байна. Хэрэв “Говь” жилдээ 1000 тонн түүхий эд бэлтгэвэл ойрын ирээдүйд дэлхийн №1 ноолууран пальто нийлүүлэгч болох боломжтой ажээ. 2021 онд тус компани дэлхий даяар 100 мянган ширхэг ноолууран пальто зарах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ нь өнөөдрийн үйлдвэрлэлээс 10 дахин их юм.
 
 
“Зах зээл, үйлдвэрийн боломж нөөцөө сайтар судалсны үндсэн дээр тооцоо хийж үзсэн. Энэ бүхэн боломжтой” хэмээн "Говь” компанийн Тэргүүн дэд захирал Д.Наранбаатар итгэлтэй ярьж байлаа. 2007 онд анх “Говь” компани хувьчлагдахад ердөө 30 ширхэг пальто борлуулж байсныг тэр дурдсан юм. Тэр үеэс хойш нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж жилд борлуулдаг пальтоны тоог 330 дахин, нэмэгдүүлж чаджээ. Ирэх таван жилд ахин 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
 
 
 
Өнөөдөр “Говь” компаний нэг жилд борлуулдаг пальтоныхоо 2000 ширхэгийг л гадаад зах зээлд борлуулдаг аж. Гэхдээ дотоодод борлуулагддаг пальтоны 80 гаруй хувийг буюу 6000-ыг нь жуулчид худалдан аваг байна. Тэгвэл 2021 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилттой. Тэдний 10 хувьд нь л  бүтээгдэхүүн1ээ зарж чадвал зорилгодоо бүрэн хүрчихнэ.
 
Гэхдээ жуулчдад зарах нь гол стратеги биш. Тус компани өнөөдөр олон улсад 51 сүлжээ дэлгүүр байгуулж амжжээ. Дотоодын зах зээлд ноолууран пальто 298 ам.доллараас эхлүүлж байгаа нь Монголынхоо эдийн засаг, иргэдийн худалдан авах чадамжтай уялдуулсан. Гэтэл дэлхийн зах зээлд 100 хувийн цэвэр ноолууран пальтоны үнэ 3000 ам.доллар аж. Цаашид пальтоны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх гол боломж нь үнэ гэдгийг тэд олж харжээ.
 
Өнөөдөр Япон-Монгол улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Үүгээр олдож байгаа боломж нь ноолууран бүтээгдэхүүнийг Японы зах зээлд татваргүй нийлүүлэх бөгөөд ингэснээр хамгийн том өрсөлдөгч БНХАУ-аас давуу байдлыг бий болгож байна. Япон нь тус компанийн худалдан авагчдын 10 хувийг эзэлдэг аж.
 
Гэх мэтчилэн боломжуудаа ашиглахын зэрэгцээ дэлхийн зах зээл дээр шинэ бизнес загвар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тэр нь онлайн худалдаа. Хэрэв худалдан авагч интернэтээр пальто худалдан авбал үнэ нь З98 ам.доллараас эхлэх боломжтой бөгөөд сонгосон барааг тань Улаанбаатараас долоо хоногийн дотор дэлхийн хаана ч хүргэж өгнө.
 
Ноолууран бүтээгдэхүүний экспортоос Монгол Улс 313 сая ам.долларын орлого олдог байна. Энэ нь ДНБ-ий гурван хувь. Харин түүхийгээр нь гаргаж буй ноолуурынхаа 10 хүрэхгүй хувийг дотоодод боловсруулаад жил болгон 100 мянган ширхэг ноолууран пальто борлуулж чадвал экспортын орлого дөрөв дахин нэмэгдэж 1.3 тэрбум ам.доллар хүрнэ. Өнөөгийн ДНБ-ий 14 хувьтай тэнцэж ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ бол онлайн худалдаагаар буюу хамгийн бага үнээр зарахад гэж тооцсон дүн.
 
100 хувь ноолууран пальтогоор дэлхийг гоёхоор сэтгэл шулуудсан “Говь” компани өнгөрсөн хугацаанд техник, технологийн шинэчлэл, бүтээгдэхүүний загвар дизайн, чанарын түвшинд цогцоор нь анхаарч иржээ. 2009 оноос хойш Италийн загвар зохион бүтээгч Андреа Барделли, Саверио Палателла нартай хамтарч ажилласан бол энэ жил загавар зохион бүтээгч Луйзэлла Беззитэй хамтран ажиллаж байгаа ажээ. Шинэ загваруудаа ирэх намар танилцуулах юм байна.  Түүнчлэн оёдол, суулт, эсгүүрийн технологийн чиглэлээр Японы тэргүүлэгч компани Lapine, Aldex нараас туршлага судалж, хамтран ажиллаж байгаа юм байна. 
 
Үйлдвэртэй танилцах үеэр ангилан ялгах, угаах, самнах, ээрэх, будах гээд үйлдвэрийн 15 шат дамжлага тус бүрт техник, технологийн шинэчлэл хийгдсэнтэй танилцсан юм. Өнөөдөр тус үйлдвэр Япон, Герман, Италийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Ихэд онцгойлон сонирхсон нэг шинэ технологи нь ноолууран даавуун дээр хэвлэх төхөөрөмж байсан юм. АСЕМ-ын өндөр дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн зочдын хөрөг зургийг хэвлэж дурсгах гэж байгаагаа мөн дуулгасан. 
 
Эцэст нь, нэг ч гэсэн үндэсний үйлдвэр дэлхийн зах зээлд гарах, өрсөлдөх бодлого зорилтоо тодорхойлж хэрхэн ажиллах, юунд хүрэхээ итгэлтэйгээр зарлаж байгаад олзуурхахаас яалтай. Талын Монголын тансаг бараа үйлдвэрлэгч “Говь” бөмбөрцгийн чихнээ монгол брэндийг тунхаглан таниулах нь ээ. 
 
 
Ц.Элбэгсайхан