АСЕМ-ын сангийн сайд нарын уулзалтын удирдах ажилтны хурал боллоо

Ази, Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт Монгол нийслэл Улаанбаатар хотноо зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдрийн удирдах ажилтны хурлаар үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.
 
Энэхүү хуралдааны зорилго нь маргааш болох Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын бэлтгэл ажлыг хангаж уулзалтын хөтөлбөр болон уулзалтаас батлан гарах Тунхаглалын төслийг хэлэлцэн эцэслэх юм.
 
Хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтыг “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл" сэдвийн хүрээнд зохион байгуулж байгааг цохон тэмдэглээд Ази-Европын сангийн сайд нарын уулзалт нь АСЕМ-ын үйл явцын салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн 12 дугаар уулзалтад түнш болон 13 олон улсын байгууллагын нийт 200 гаруй төлөөлөгч оролцож байгааг дурдлаа.
 
Ази, Европын Сангийн сайд нарын удирдах ажилтнуудын хурлаар Ази, Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтыг Ази, Европын бүс нутгийн макро эдийн засгийн хөгжлийн өнөөгийн тойм, цаашид эмзэг байдлыг буүруулж, өсөлтийг хангахад чиглэсэн бодлогын сонголтууд, макро эдийн засгийн сорилтуудыг давахад АСЕМ-ын гишүүн орнуудын гүйцэтгэх үүрэг, болзошгүй санхүүгийн хямралаас сэргийлэхэд гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны оруулах хувь нэмэр зэрэг хамтын ажиллагааны зорилтуудын хүрээнд гурван дэд хуралдаан зохион байгуулахаар хөтөлбөрийн төсөлд тусган эцэслэсэн байна.
 
Мөн энэхүү хурлаар хоёр тивийн эдийн засаг, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэн Ази, Европын Сангийн сайд нарын 12 дугаар хурлаар батлах "Тунхаглалын төслийг" амжилттай хэлэлцэн эцэслэлээ.
 
Маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор уг хэлж хурлыг нээх бөгөөд Ази-Европын макро эдийн засгийн хөгжил , ирээдүй гэсэн үндсэн сэдвээр өрнөх бөгөөд бүсийн болон дэлхийн хэмжээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, Ази-Европын туршлага гэсэн хурал болно.
 
Ази-Европын эдийн засгийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн болоод дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Ази-Европыг холбосон дэд бүтцииг хөгжүүлэх, Хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох, худалдааг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, ядуурал болон хөгжлийн ялгааг бууруулах замаар эдийн засгийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийх юм.
 

Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын маргаашийн хөтөлбөр

(Ази, Европын орнуудын Сангийн сайд нар/Төлөөлөгчдийн тэргуун, төлөөлөгчид болон удирдах албан тушаалтнууд)
Төрийн ордны Их танхим
 
13:00 - 13:30       Бүртгэл
 
13:30 - 13:45       Нээлтийн үг
 
Мэндчилгээ, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
 
13:45 - 13:55       Илтгэл, Монгол Улсын Сангийн сайд   Б.Болор
 
Уулзалтын хөтөлбөрийг батлах
13:55 - 14:15       Зураг авалт
 
14:15 - 15:15       Ази, Европын сангийн  сайд нарын 12 дугаар уулзалт- I Хэсэг
 
Ази, Европын макро эдийн засгийн хөгжил, хэтийн төлөв
 
Зорилго: Ази, Европын бүс нутгийн макро эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлвийг хэлэлцэж, эмзэг байдлыг бууруулах болон өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээг тодорхойлох.
 
Илтгэгчид:

Олон улсын валютын сангийн удирдах захирлын орлогч Мицүхиро Фүрусава;

Бүгд Найрамдах Япон Улсын шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо;

Европын холбооны комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис.

15:15 - 16:15       Ази, Европын сангийн сайд нарын 12 дугаар уулзалт- II Хэсэг
 
Бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангах: Ази, Европын туршлагуудаас
 
Зорилго: Бүс нутгийн болоод дэлхийн хэмжээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг тодорхойлох.
 
Илтгэгчид:
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква;
Бүгд Найрамдах Солонгос Улсын Стратеги, сангийн дэд сайд Санг Мок Чой;
Бүгд Найрамдах Мальт Улсын Сангийн сайд Эдуард Сицлуна.
 
16:15 - 16:45       Цайны завсарлага
 
16:45 - 17:45       Ази, Европын сангийн сайд нарын 12 дугаар уулзалт- III Хэсэг
 
Ази, Европын холбоо, харилцаа
 
Зорилго: Ази, Европын эдийн засгийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн болоод дэлхийн эдийн засгийн өсөлтөд гол хөдөлгөгч хүч нь хэвээр байна. Үүнтэй холбогдуулж Ази, Европыг холбосон дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох, худалдааг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ажпын байр бий болгох, ядуурал болон хөгжпийн ялгааг бууруулах замаар эдийн засгийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах ' асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийх.

Илтгэгчид:
Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшил, хамтын санхүүжилтийн үйл ажиллагаан хариуцсан дэд ерөнхийлөгч Дивакар Гупта;
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жин Личүн;
Европын хөрөнгө оруулалтын банкны суурин төлөөлөгч Миколаж Довгелевич.
 
17:45 - 18:15       Ази, Европын сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын тунхаглалыг батлах
 
13 дугаар уулзалтыг зохион байгуулах улсыг зарлах Хаалтын үг, Сангийн сайд Б.Болор
 
18:15-18:45         Хэвлэлийн бага хурал (Сангийн сайд Б.Болор)
 
19:30 - 21:30       Монгол Улсын Засгийн газрын нэрэмжит хүлээн авалт
 
Шангри Ла Зочид буудал
(Ази, Европын орнуудын төлөөлөгчид, гэр бүлийн хүн болон орчуулагч нар)
 
Ийнхүү Ази-Европын Сангийн сайд нарын удирдах ажилтнуудын хурал амжилттай зохион байгуулагдаж хурлын зорилго болох хурлын хөтөлбөр болон Тунхаглалыг амжилттай эцэслэсэн бөгөөд маргааш Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтаар үргэлжлэх юм.