Б.Бямбасайхан: Найдлага тээх нь бизнесийн стратеги биш

"Mongolian Economy"  2016 оны 04 сар. №07 (109)

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа. Хэдийгээр бид олон сэдвийн хүрээнд хөөрөлдсөн ч төслийн менежмент, санхүүжилтийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцсан юм. 

 -Эдийн засаг хүндэрсэн энэ нөхцөлд бизнесийн үйл ажиллагааг хэрхэн савлуулахгүй авч явах вэ? 

-“Rio Tinto”, “BHP Billiton” зэрэг том компаниуд гурван жилийн өмнөөс л бүх бизнесийнхээ хүрээнд зардлаа танаж эхэлсэн. Бага зардлаар ажиллаж байж хүнд нөхцлийг давна гэдэг стратегиа аль дээр боловсруулаад хэрэгжүүлж байна. Одоо бол маргааш үнэ өсчихнө гэдэг сэтгэлгээгээр бизнес хийдэггүйг ойлгож байна, бүгдээрээ. Найдлага тээх нь стратеги биш гэдэг үг бий. Байдал сайжирна гэх хүлээлт ялангуяа уул уурхайн бизнест тохирохгүй. Тиймээс өнөөдрөөс л шинэчлэл хийх хэрэгтэй. Бид үргэлж “дараа жил” гэж ажлуудаа хойшлуулж явлаа. Үүний дүнд  бизнесийн зардал улам өсөөд л байна. Зах зээл унаад байхад зардал өсөөд л байвал дампуурна, ойлгомжтой. Тэгэхээр бид бизнесийн 20, 30 жилийн цаадахыг бодолцсон стратеги дээр үндэслэн төлөвлөлтүүдээ хийх чадавхитай байх шаардлагатай. Сүүлийн таван жилд зөвхөн дотоод бус гаднын зах зээлд өрсөлдөх шаардлагатай болсон учир өнөөдрийн монгол маягийн бизнес явуулдаг арга барилыг нэгмөсөн өөрчлөх ёстой гэдэгт би итгэдэг. Дэлхийн стандартад л нийцэж ажиллах хэрэгтэй. Түүнээс завсрын, монгол гэх мэтээр яваад болно гэж бодож байгаа бол таван жилийн дараа гэхэд зарим бизнес үгүй болчихсон байх биз. 
 
Зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилийн доод түвшиндээ хүрсэн. Энэ үед яаж өрсөлдөх чадвартай байхыг сайн тооцоолох хэрэгтэй. Өнөөдөр тохиож буй энэ байдал ирээдүйд дахиад ч давтагдана. Уурхайн бизнесийг бид өмнө нь нүүрс, хүдрээ ухаж аваад вагонд ачих гэж ойлгоод байлаа. Тэрнээс цааш олон шат дамжлага бий. Бизнесийг зөвхөн нэг хэсгийг бус цогцоор харах нь чухал. Борлуулалт маркетинг гэдэг амин сүнс нь. Тэрийг зөв хийвэл олон улсын зах зээлийн үнээр буюу ямарваа нэгэн хямдралгүйгээр бүтээгдэхүүнээ зарна. Манай компаниудын хувьд үүнийг сайн ойлгож дүн шинжилгээ хийж, түүн дээрээ үндэслэн зохих өөрчлөлтүүдийг хийж байна. Бизнесийн энэ арга барилыг ойлгох, дэд бүтцийг хурдан гартаа оруулах шаардлага бий. 
 
-Эдийн засгийн хүндрэлээс бид ямар сургамж авч байна вэ?
 
-Мэдээж хэрэг бид сурч байгаа. Бидэнд бизнес эрхлэх 25 жилийн туршлага л бий. Түүнээс өмнө бизнесийн менежмент гэж юм байсангүй. Одоо бол өдөр бүр энэ тал дээр чамбайрж байна. Компани жижиг, том ч бай удирдлага нь байдал хүндрэхэд мөнгөн урсгалаа тогтвортой барина гэдэг хамгийн чухал гэдгийг бид ойлгож байна. Юм болгон дээр асар их ашиг хийдэг үе өнгөрсөн. Ирээдүйд тийм үе ирж магадгүй л дээ. Гэтэл тогтмол мөнгөн урсгалтай байвал тогтвортой үйл ажиллагаагаа олон жил авч явж болно. Мөн бүх зардлаа хасаад тодорхой ашгаа хувьцаа эзэмшигчдэд хуваарилаад байж болно. Мөн эдийн засгийн талаас харвал тогтмол мөнгөн урсгалтай үед л ажлын байр бий болдог. Мөнгөн урсгалаа сайн тооцож, тогтвортой байлгахыг хичээж байна. Зах зээлд тодорхой компаниуд энэ талаа тогтвортой байлгах боломж бий. Зах зээл муудсан ч унтарчихаагүй байгаа. Хятадын өсөлт удааширч байна гээд байгаа ч өссөөр л байна. 13 их наяд ам.долларын эдийн засаг зургаан хувиар өснө үү долоон хувиар өснө үү цаашид өсөх нь тэртээ тэргүй абсолют хэмжээгээр өндөр. Тэр өрсөлдөөнд манай бизнес хамгийн бага зардалтай байвал ялна. 
 
-“Эрдэнэс Монгол” компани шинэ технологи, менежментээр хувийн компани шиг ашигтай ажиллана гэх зорилгоо хэрхэн биелүүлэх гэж байна вэ?
 
-Зарим хүмүүс манай компанийг төсвийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллага гэж боддог. Үгүй, “Эрдэнэс Монгол” бол ХХК. Өмнө нь ашигтай ажиллах боломж гараагүй. Учир нь, тодорхой хэмжээний хөрөнгө босоод ирэхээр Хүний хөгжлийн сан руу татчихдаг байсан. Саяхан хуулинд өөрчлөлт орж, нэгдүгээрт Компанийн тухай хуулийн дагуу компани шиг ажиллана, хоёрдугаарт хэрвээ энэ компани ашигтай ажиллавал мөн үүний зэрэгцээ олон улсын зах зээлээс нэмэлт санхүүжилт татлаа гэхэд тэр мөнгөөрөө салбар бизнесүүдээ санхүүжүүлэх боломж бүрдсэн гэж болно. Энэ бол суурь өөрчлөлтүүд. Бид дэлхийн нэг хэсэг болохын хувьд олон улсын стандартаар тоглохгүй бол болохгүй нь. Олон стандартыг өөрсдөө бий болгож зардал мөнгө цагаа үрж байснаас нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартыг дэлхийн компаниуд шиг дагаад үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй болчихоод байна. Жишээ нь санхүүгийн стандарт их чухал. Тайлан балансыг чинь уншаад ойлгохооргүй байвал хэн санхүүжилт хийх юм. Ном ёсны дагуу судалгаа, ТЭЗҮ хийж байж хөрөнгө оруулалтаа шийднэ. Түүнээс биш өнөөдөр энэ экскаватор эвдэрлээ ийм юм авья гэдэг байж болохгүй. Товчхондоо энэ шүү дээ. Мэдээллийн технологийг компанийн  ажиллагаанд зөв нэвтрүүлэн сайн ашиглаад явбал манай үр ашиг жилд 10 хувиар нэмэгдэнэ. Хувийн компаниуд бүх ажлаа, гэрээгээ и-мэйлээр хийж болоод байхад төрийн өмчит компаниуд нь заавал албан тоотоор гэж шаарддаг утгагүй зүйлс байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.Мэдээллийн технологи Монголын бизнесийн орчинг тэр аяар нь хурдтай, өрсөлдөх чадвартай болгож байхад төрийн өмчит компаниуд түүнийг ашиглахгүй бол өрсөлдөөнд ялагдана.
 
Бидний эхний гол зорилго бол одоогийн байгаа хөрөнгө буюу компаниудаа үр ашигтай  ажиллуулах. Бизнес ашигтай байж л хувьцаа эзэмшигчиддээ үр ашгаа өгнө. Энэ бол цогц бизнес учир нэгийг үлдээвэл бүгд нурах аюултай гэж ойлгох хэрэгтэй. Зарим нь техник технологио л шинэчилчихвэл ашигтай болчих мэт боддог.  Гэхдээ үүнээс гадна техник технологийг хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдгийг сурах хэрэгтэй. Бид Азийн хөгжлийн банктай хамтарч ажиллаж байна. Удахгүй зээлийн асуудлаа шийдүүлээд санхүүгийн менежментийн технологио шинэчлэх, удирдлагаа сайжруулах, том төслүүдээ боловсруулах үйл явцыг санхүүжүүлнэ. 
 
-Танай компани төр, хувийн хэвшлийн аль, алины шинж агуулсан үйл ажиллагаатай байгаа болохоор хүний нөөцийн ямар бодлоготой байгаа вэ? 
 
-Бид Монгол стандартаараа ажиллаад байвал ажиллах хүч хангалттай байна. Олон улсын стандартаар ажиллах шаардлага тулгарч байгаа тул үүний дагуу ажиллах хүмүүс хэрэгтэй. Менежмент технологийн шинэчлэлийн хажуугаар түүнийг ашиглах мэдлэг чадвартай хүн хэрэгтэй. Бид тийм  хүмүүсийг ажиллуулахыг зорино. Чадахгүйгээ чаддагынх нь хажууд дагалдуулж сургана. Туршлагатай мэргэжилтэнг бид зах зээлийн таарсан нөхцөл цалингаар ажиллуулна. Түүнээс биш эх орондоо хайртай учраас та энд ирээд цалин багатай ажил гэдэг арга барил хаана ч боломжгүй. Төрийн өмчит компани болохоор бага цалинтай ажилла гэдэг бол хулгай хийх мандатыг өгч байгаагаас ялгаагүй. Хүнд таарсан шан харамжийг нь өгвөл тухайн хүн хэзээ ч өөрийн хоол олж иддэг тогооноосоо хулгай хийхгүй. Чадваргүй хүнийг хямд ажиллуулна гэдэг зардал багасгаж буй хэрэг яавч биш. 
 
-Чамгүй олон төсөл дээр ажилласны тань хувьд төслийн санхүүжилт яагаад шинжлэх ухааны судлагдахуун болтол хөгжчихсөн тухайд.
 
-Төсөл үр ашигтай эсэхийг тооцож үзсэнийхээ дараа яг ямар аргаар санхүүжүүлэх вэ, /equity/үндсэн хөрөнгө мөн /debt/ зээл хэд байх вэ гэх мэт бүгдийг тооцож, эргээд төслөөс гарах мөнгөн урсгалтай нь уяж үзээд, ийм хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж шийдээд банкууд дээр очно. Зарим үед бүх санхүүжилтийг нэг банкаас зээлчихгүй. Олон банктай хамтарч босгоно. Нийт санхүүжилтээ бүх банктайгаа нэгмөсөн тохирсны дараа ажлаа эхэлдэг. 100 төгрөг хэрэгтэйгээс 90 төгрөгтэй болчихоод сүүлийн 10 нь байхгүй байвал ажлаа эхлэлтгүй. Энэ бол зарчмын том асуудал. Үүнийг “Financial close” гэж нэрлэдэг.  Хөрөнгө мөнгөө нэг мөр шийдээд тэгээд энэ төслийн барилгын явцыг тасралтгүй явуулах нь бизнесийн хувьд байнгын үр ашигтай байна. Хэрвээ дундаа тасарчихвал зардал л нэмэгдэнэ. Бид Оюутолгой /ОТ/ дээр олон улсын санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.долларыг босгож чадаж байгаа нь энэ төсөл өмнөх бүх шатаа зөв давж чадсанд оршиж буй. Өөрөөр хэлбэл, менежмент, хүдрийн чанар, Монгол, Хятадын эдийн засаг, дэд бүтэц  гэх мэт олон талаас нь судлаад ийм байна гэж нарийн тооцоод гэрээ байгуулж бидэнд мөнгө зээлүүлж байна.  Юмаа ном ёсоор нь хийсний дараа хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргадаг байх нь зүйтэй.  ТЭЗҮ байхгүй төсөл дээр хөрөнгө оруулах шийдвэр гаргачихаад, мөнгө нь бүрэн шийдэгдээгүй байхад ажлаа эхлүүлээд явангуут буруудаад урагшилж чадахгүй гацчихсан бодит жишээнүүд Монголоор дүүрэн байна. Дампуурсан нь ч байна.
 
Өнөөдөр ОТ дэлхий нийтээр хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төсөл. Хөрөнгө оруулалтын гэрээ сайн уу, муу юу гээд яриад байгаагийн цаана 6500 монгол хүн ажилтай, дэлхийн хэмжээний бизнес болчихсон байна. Хамгийн том татвар төлөгчийг 4-5 жилийн дотор бий болгочихлоо. Цаашлаад монголчууд нь илүү нарийн мэргэжилтэй болоод зарим нь өөр улсуудад нэр хүндтэй ажиллаж байна. Дээр нь бизнесийн олон улсын стандартыг хэвшүүлж байна. Та ямар ч том даргыг таньдаг байлаа ч ОТ-той бизнес хийхэд нөлөөлөхгүй. Сүүлийн жилүүдэд улс төрөөс ангид бизнес хийж болдогийг манай компаниуд ойлгоод ажиллаад явж байна. ОТ дээр олон улсын банкууд орж ирснээр байгаль орчин, үйл ажиллагааны  нарийн ажиллагааны стандартуудыг бүрдүүлж байгаа. 
 
-Оюутолгойн санхүүжилтийн хэлэлцээр нэлээд удаан хугацаанд үргэлжилж байна. Зарим хэлцлүүд одоо ч үргэлжилсээр. Удаж буй шалтгаан нь юу вэ?
 
-Хүнд шаардлагууд тавиад байгаадаа биш л дээ. Банкууд зохих шаардлагаа л тавьж байгаа. Хэрвээ та мөнгө хүнд зээлж байгаа бол тэр мөнгийг эргүүлээд олж авах эсэхт итгэлтэй байхыг хүсэх нь зүйн хэрэг. Үүний тулд тогтсон горим стандартаа ашиглана. Төслийн санхүүжилт гэдэг эрсдлийг хуваах механизм юм. Хэн нь аль эрсдлээ дааж чадахаа тохироод гэрээ хэлцлээ хийдэг. Эрсдэлээ ингэж хуваарилсны дагуу мөнгө босгож ашигладаг. 
 
Оюутолгойн гүний уурхайн хувьд ажлуудаа нарийн төлөвлөчихсөн, гүйцэлдүүлээд явж л байгаа шүү дээ. Хэт найдварт баригдсан хэвээрээ л байна. 2009 онд ОТ гэрээ зурагдахад хоногийн дараа бүх юм өөрчлөгдөөгүй. Харин өөрчлөлт гурван жилийн дотор явсан.  Өнгөрсөн наймдугаар сараас хойш бид тодорхой төсөв батлаад бэлтгэл ажлыг санхүүжүүлээд явж байна. Тодорхой шинэ ажлын байрууд бий болсон. Том гэрээнүүд зурагдахын өмнө тендерүүд явж байна. Аливаа том төслийг хэрэгжүүлэхэд чадвартай компаниудыг дотоодын болон гаднын зах зээлээс сонгон шалгаруулж, гэрээнүүдээ хийнэ. Та бид хоёрыг ингээд ярилцаад сууж байхад монгол, гадаад компаниуд тендерийн материалаа өдөр шөнөгүй бэлдээд, эсвэл гэрээ хэлцэл хийгээд явж байх жишээний. Одоо хэзээ мөнгө орж ирэх вэ гэдэг гэнэн асуултаас салъя. Мөнгө гэрээнүүд зурагдахаар орж ирнэ. ТУЗ-өөр шинэ төсөв батална. Тоон үзүүлэлтүүдээ шинэчилж, хараад, нарийн үр ашгаа тооцож, мөнгөн урсгалаа яаж барих вэ гэдгийг бодож, зээлээ цагт нь төлөх тооцоо хийнэ. 
 
-Одоо Оюутолгойд улс төрийн нөлөөлөлд орохгүйгээр цаашаа явах баталгаа бий юү?
 
-ОТ бол бизнес болохоос улс төр биш. Гол зорилго нь бизнес үр ашигтай ажиллаж, баялаг бүтээгээд эзэндээ өгөөжөө өгнө гэдэг юм. Засгийн газар ОТ төслийг ялангуяа гүний уурхайн бүтээн байгуулалтыг явуулъя гэдэг шийдвэр, тохироогоо хийчихсэн. Санхүүжилт үүний үндсэнд бий болж ажил нь явж байна. Өөрийн гэсэн стандарт, дэг журмаараа урагшилж байна. Хяналтын байгууллагууд нь хяналтаа тавьж буй. Тиймээс үүнийг одоо хэн дуртай нь зогсоодог үе өнгөрсөн. Бизнесийг бизнесээр нь үлдээж улс төрөөс ангид байлгая гэдэг шийдэл гарсан. Ингэвэл хурдан үр ашигтай, олон компаниудтай хамтарч ажиллана. Өнөөдөр 1000 компанитай бизнес хийж байна. Үүнийг илүү олон болгохоор ажиллаж байна. Бид энэ удаад нэг зүйлийг хариуцлагатай хийж байгаа. Өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй шүү гэдэг дээр. Өнөөдөр гүний уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.доллар зарцуулна. Үүнээс нэг ам.доллар тутмын 80 центийг ОТ-той хамтарч байгаа монгол компаниудад зарцуулах төлөвлөгөө гаргаад явж байна. Ингэж санхүүжилтийн мөнгөний дийлэнхийг нь Монголд үлдээх гэж оролдоно. Энэ бүхэн өмнөх алдаагаа давтахгүй гэдэгтэй холбоотой. Өмнө нь буруу тооцоо хийгээд яараад зардлын хэтрэлт бий болсон. Одоо ийм зүйлээс болж  асуудал үүсгэхгүй, илүү зардал гаргахгүй гэдэг дээр нарийн ажиллаж байна. Энэ бүх төсвийг шинэчилж баталж гаргахын тулд бүх газраас нарийн зардлын тооцоог ирүүлж, нэтгэж хийхэд 200 хүн өдөр шөнөгүй ажиллаж байна. Том ажлыг бараа сүрийг нь харж байгаад төстэй бусадтай харьцуулаад дуурайгаад хийчихэж болохгүй л дээ. 
 
-Уул уурхайн салбарт эерэг хандлага харагдаж эхэллээ. Гэвч баярлахад хэт эрт юм биш үү? 
 
-Нөхцөл сайжирч байгаа бол сайн л биз дээ. Гэхдээ та зардал багатайгаар бизнесийн үйл ажиллагааг явуулж чадаж байвал зах зээлийн эрсдэлээс хамаарах бага боломж бий болгоно. Боломж л байвал бүсээ чангалаад нарийн тооцоотой байх хэрэгтэй. Үгүй аваас одоо гайгүй болчихлоо гээд хэрэгжүүлж байсан аргаа хаячихвал эцэстээ том эрсдэлд хүрнэ. Хамгийн бага зардалтайгаар үйл ажиллагаа явуулснаар өрсөлдөх чадвараа хадгалж, өөрчлөлтүүд хийн, үүнд таарсан санхүүжилтийг босгоод явна. 
 
-“Моngolian Mining Corporation”-ийн  зээлээ цагт нь төлж чадахгүйгээ мэдэгдсэн нөхцөл байдлыг та яаж харж байна вэ?
 
-Аливаа компани санхүүгийн менежментийг хийхдээ нарийн тооцоотой хийх ёстой. Өнөөдөр нүүрсний зах зээл дээр зөвхөн ММС биш бидний мэддэг Пийбоди хүртэл хүнд байдалд ороод  бусад нүүрсний компани нааш цааш зарагдсан байдалтай байна. Монголд ММС ийм байдалд орчихсоноо ил зарласан учраас л бид ингээд байна. Тэд ийм нөхцөлд ахиад л зардлаа багасгах тал дээр ажиллаад зээлдээ бүтцийн шийдэл гаргаад явж байгаа. Монголын компани хүнд байдалд орж байгаа нь сайн биш. Ард нь олон мянган ажлын байр бий. Нөгөө талд туулах ёстой замыг туулаад хүнд байдлаас гарч байж л үйл ажиллагаагаа сэргээнэ. Хийх ёстойгоо хийж л байгаа байх. 
 
-Та саяхан Торонто руу  хөрөнгө оруулагчдын томоохон уулзалтад яваад ирсэн. Гаднынхны хандлага ямар байна вэ?
 
-Хүн гоё ярьсанд биш, хэлснээ хийж байгаа эсэхт л итгэнэ. Оюутолгой явж байгааг тэд мэдэж байгаа. За ямартай ч Оюутолгой нь явах юм байна, араас нь Гацуурт, Хан ресурс шийдэгдлээ гэж харж буй. Ер нь бол Монголын үндсэн өгөгдлүүд өөрчлөгдөөгүй. Дэлхийн хамгийн хурдан өсөж байгаа эдийн засгийн бүст, хамгийн том эдийн засаг болох гэж буй улсын хажууд байрладаг, Хятадын өсөлтөд шаардлагатай бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар үйлдвэрлэж болох нөхцлийг агуулсан, ардчилсан улс хэвээрээ гэх мэт. 
 
-Сонгуулийн дараа өмнөх сонгуулиуд шиг бодлогын өөрчлөлт хийгдэх магадлал хэр өндөр гэж тооцож байна вэ?
 
-Нэгэнт л ардчилсан улс юм чинь сонгууль болдгоороо болно. Өмнөх тохиолдлуудад сонгууль бүрийн дараа бодлого өөрчлөгдөж байсан. Хүмүүс тэрийг эрсдэл гэж харж байгаа. Бид гаднынхан руу гүйж очоод, энэ сонгуулийн дараа л жинхнээсээ арай өөр болно гэвэл одоо бол хэн ч итгэхгүй. Харин сонгуулийн дараа үнэхээр нөхцөл өөрчлөгдөлгүй, тогтвортой байсан тохиолдолд л итгэнэ. Оюутолгойн тухайд бид хэдэн жил маргаад, маргаашаас л асуудалгүй болно гээд зөндөө хэлж явсан. Тэгээд болохгүй байсаар байгаад хүнд нөхцөлд хоёр тал хоёул орсон. Тэгээд эргээд гарахдаа нарийн нөхцлүүдээ тохироод, итгэл ч нэмэгдэж, авах юмаа ч нэмэгдүүлсэн. Үүнийг ярихгүй л байгаа болохоос, бид ямар өгөөж байгааг тооцоод үүнээс хойш ингэж тооцдог болоё гэж тохироод таван тэрбум ам.долларыг илүү авахаар тохироод явж байгаа. Тохирсоноороо хоёр тал ажлаа хийгээд л байвал итгэл улам нэмэгдэнэ. 
 
Хүний эрх, өмчийн эрх гээд хоёр үндсэн эрх байна. Хүний эрх талдаа бид харьцангуй өндөр үзүүлэлттэй орнуудын нэг. Нөгөө талдаа өмчийн эрхийн асуудал байна. Хувь хүн өмчтэй байна, үүнийг төр хамгаалдаг байх. Тэр эрхийг хэзээ ч хаана ч орхигдуулахгүй хамгаалдаг байх тал дээр л илүү ажиллах хэрэг байна. Тэгвэл манай эдийн засаг илүү эрүүл явна. Хэн ч сонгуульд ялсан нэг их ялгаа гараад байхгүй. Бодлогын өөрчлөлт бол өмчийн эрхийн тухай дутуу ойлгосноос болдог. 
 
 
Б.Энхцэцэг