Л.Пүрэвбаатар: Зүүн хойд Азийн тээврийн холбоо байгуулах саналтай байна

Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөлийн ХХY Бүгд хурал Улаанбаатар хотноо Туушин зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ. Хурлын үеэр "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатартай цөөн хором ярилцсан юм.

-Энэ хурлын ач  холбогдол юу вэ. Монгол Улсад ямар боломж гарч байгаа вэ?

-Транссибирийн тээврийн зохицуулах зөвлөлийн XXV хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа гол шалтгаан нь энэ байгууллагыг гурван улсын эдийн засгийн коридортой холбох гэж оролдоод байгаа юм. Дээрээс нь коридорууд бий болгох боломж бүрдүүлэхийн зэрэгцээ өөрийн төмөр замыг сайжруулах хөрөнгө оруулалт татах зорилготой. Төмөр замд хөрөнгө оруулахад хамгийн гол нь түүгээр тээвэрлэх ачаа тээвэр ямар байгаа вэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ хоёрыг уялдуулж чадах юм бол бид хөрөнгө оруулалт татаж чадна.
 
Энэ хурлын үеэр ачаа тээврийн маш том, том төслүүдийн талаар танилцуулж байна. Ялангуяа БНХАУ-аас ОХУ, Европын орнуудад хүрэх логистикийн төслүүд их байна. Тиймээс энэ хурлаас их нааштай үр дүн гарна гэж харж байгаа.
 
Бид зохион байгуулалтын янз бүрийн  арга хэмжээ авах санаатай байна. Ер нь бүс нутагтаа Зүүн хойд Азийн тээврийн холбоо байгуулъя, Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөлийн салбарыг Улаанбаатарт байгуулъя гэсэн тодорхой саналуудыг бид тавьж байгаа.
 
-Улаанбаатар төмөр зам ачаа тээврээ нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?
 
-Энэ хуралд “Оросын төмөр зам” НХН-ийн тэргүүлэгч Белозёров Олег Валентинович оролцож байна. Манай улсаар түүхий нефть тээвэрлэх тухай асуудлыг дэвшүүлж байгаа. Энэ тээврийг Монгол Улсаар дамжин өнгөрүүлэхийн тулд тарифыг нь хөнгөлж өгөх хэрэгтэй байгаа. Гэхдээ дан ганц Улаанбаатар төмөр зам өөрийнхөө нутаг дээрх тарифыг хөнгөлөөд ямар ч үр дүнгүй. Эрхүүгээс нааш Наушки хүртэл, Эрээнээс Хятадын нефть үйлдвэрлэл хүртэлх төмөр замыг гурвууланг нь нийлж хөнгөлж байж энэ тээврийг хийх боломжтой.
 
-Энэ чуулга уулзалтаас гадна албаны хэлэлцээ төлөвлөсөн үү?
 
-Ерөнхий сайдтай Белозёров Олег Валентинович уулзсан. Цаашдаа ч яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Хоёрдугаарт,  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх гэж байна. Энэ хуралд Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Оросын төмөр зам” НХН-ийн тэргүүлэгч Белозёров Олег Валентинович нар оролцоно. 
 
 

Ц.Элбэгсайхан