Олон улсын төмөр замын асуудлыг Монголд хэлэлцлээ

Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл /ТТЗЗ/ олон улсын холбооны эрх барих дээд байгууллага болох Бүгд хурал өнөөдөр /есдүгээр сарын 15/ Улаанбаатарт хотноо ажлаа өндөрлөлөө. Хоёр өдөр үргэжилсэн энэхүү 25 дугаар Бүгд хурлын хоёр дахь өдрийн хуралдаанаар Транссибирийн төмөр замд интермодаль буюу холимог тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд мэдээллийн технологийн хөгжлийн ололт амжилтыг нэвтрүүлэн хөгжүүлэх, ТТЗЗ-ийн гишүүн тэнгисийн боомтуудын дэд бүтэц, тээвэрлэлтийн хүчин чадлыг сайжруулах, ТТЗЗ болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын ачаа тэвэрлэлтийн салбар дахь хууль эрх зүйн зохицуулалтыг нийцүүлэх чиглэлээр хэд хэдэн илтгэл тавилаа. 
 
Тус зөвлөл 1997 онд байгуулагдсанаасаа хойш 20 жилийн турш олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай үйл ажиллагаа явуулж чаддаг байгууллага болохоо нотлон харуулсаар ирсэн. Дэлхийн зах зээлд цахим худалдаа өргөжин тэлж байгаа өнөөгийн нөхцөлд ч ТТЗЗ нь цахим худалдааны ачааны чингэлэг тээвэрлэлт болон шуудангийн илгээмжийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахад ихээхэн анхаарч, үйлдвэрлэгчээс шууд эцсийн хэрэглэгчид буюу “Хаалганаас хаалганд”  хүргэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа билээ. Транссибирийн төмөр замын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд тус холбоо “Хамгаалалттай галт тэрэг”, “Цахим галт тэрэг”, “Тээвэр-логистикийн баталгаат бүтээгдэхүүн” зэрэг тээврийн шинэ шинэ бүтээгдэхүүн бий болгон нэвтрүүлж байна. Мөн тээвэрлэж буй ачааныхаа хадгалалт, хамгаалалтыг баталгаатай хангах, баримт бичиг бүрдүүлэх үйл явцыг аль болохоор хөнгөвчлөх талаар гишүүн байгууллагуудынхаа санаа оноог сонсон, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөнд тусган ажиллаж байгаа юм. Өнөөгийн цаасгүй технологийн эрин үед цахим технологи ашиглан мэдээлэл солилцох, тээврийн бусад системтэй хамт мэдээллийн интерацчилалд нэгдэх асуудал дээр гишүүн байгууллагуудтайгаа нийцэж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа нь өнөөдрийн хуралдаанд илтгэл тавьсан Нарвик боомтын гүйцэтгэх захирал Руне Арной, Төмөр замын тээврийн олон улсын Хороо (CIT)-ны төлөөлөл Жан Люк Дюфорно, Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага (OSJD)-ын төлөөлөл В.П.Жуков зэрэг олон хүний ярианд хөндөгдөж байлаа.
 
Бүгд хурлын төгсгөлд ТТЗЗ-ийн зохион байгуулалтын асуудал болон өнгөрсөн онд Австрид болсон XXIV Бүгд хурлын шийдвэрийн биелэлтийн талаарх ТТЗЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын илтгэлийг ТТЗЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.И.Бессонов сонордуулж, ирэх онд хэрэгжүүлэх төслүүдээ хуралдаанд оролцогчдод танилцуулан батлуулав.  
 
Ноён Г.И. Бессоновын өгүүлснээр бол Улаанбаатарын Бүгд хурлын үеэр ТТЗЗ-ийн бүрэлдэхүүнд гурван байгууллага шинээр элсэж гишүнийхээ батламжийг гардан авчээ. Мөн ТТЗЗ нь зөвхөн гишүүдийнхээ татвараар санхүүждэг, аж ахуйн аливаа үйл ажиллагаа явуулдаггүй арилжааны бус тээврийн холбоо учраас гишүүнийхээ татварыг төлөөгүй зарим компанийг бүрэлдэхүүнээсээ хассан байна. “Өнөөдрийн байдлаар ТТЗЗ нь эгнээндээ 93 компанийг нэгтгээд байгаагийн 46 нь байнгын статустай байгууллагууд. Энэ бол хангалттай бүрэлдэхүүн. ТТЗЗ-ийн төсөв хэдэн жилийн турш өөрчлөгдөөгүй бөгөөд 2017 онд 760 мянган швейцар франкийн төсөвтэй ажиллана” гэж ноён Г.И.Бессонов мэдэгдсэн юм.
 
Ойрын үед ТТЗЗ нь Транссибирийн коридоруудын өрсөлдөх чадварыг дэшлүүлэх, олон улсын тээврийн бүхий л салаа мөчирт мэдээллийн технологийн ололт амжилт, цаасгүй технологийг өргөн нэвтрүүлэх гэсэн хоёр чиглэлээр Ажлын хоёр хэсэг байгуулан ажиллахаар болсныг ноён Г.И. Бессонов хуралд оролцогчдод дуулгасан. Үүнээс гадна хил, гаалийн хяналт шалгалт, ачааны дагалдах баримт бичиг бүрдүүлэлтийг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим мэдээллийн интеграцчилалд нэгдэх талаар УБТЗ-тай хамтран ажиллах санал дэвшүүлсэн “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарын саналыг  ч дэмжиж, энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах Ажлын хэсгийг Л.Пүрэвбаатараар ахлуулан ажиллуулахаар болсон юм.
 
 
 
С.Отгонцэцэг