Бага орлоготой аж ахуйн нэгжүүдийн татвараас хөнгөлөх асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжжээ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулгадаа “Эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай” байгааг дурджээ.
 
Тиймээс, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
 
Уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дөрвөн жилийн хугацаанд нэг хувиар орлогын албан татвар ногдуулахаар тусгасан байна.
 
“Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэнэ” гэж Засгийн газар үзэж буй.
 
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан, О.Батнасан. З.Нарантуяа, Ж.Батзандан нар тус хөнгөлөлтөд дөрөвхөн салбарыг онцолсныг өрөөсгөл гэж үзэж бусад салбарыг ч хамруулахаар судлах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч ирэх оны төсөвтэй уялдуулж ярилцах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна.