“Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлт боллоо

“Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Нэгдсэн үндэстний байгууллагын төв байранд боллоо. Энэхүү төсөл нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн болон институцийн харилцан уялдаатай байдал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зохион байгуулалт болон төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.
 
Төслийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Ц.Цолмон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман нар оролцжээ.
 
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлатайг онцлоод “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрх мэдлийн харилцан хяналт, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгох чиглэлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулж иргэдийн саналыг авч шийдвэрлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Энэ зорилтын хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг нутгийн удирдлагатай холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах, санаачлах ажлыг шат дараатай зохион байгуулж, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд батлуулахаар зорин ажиллах болно” гэв.
 
Мөн Төслийн үндэсний захирал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уг төсөл нь 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үргэлжлэл болж буйг тодотгосон байна.  
 
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ-уудын хяналтын чиг үүрэг болон иргэдийн оролцоотой шийдвэр гаргах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор олон ажил зохион байгуулсан байна. Түүнчлэн “khural.mn” ИТХ-уудыг нэгтгэсэн интерактив, портал цахим хуудсыг бүтээсэн аж.

Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын уулзалт болж “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.