“Ард холдингс” 10 тэрбумын хэлцэл хийлээ

Эдийн засгийн хямралтай, бизнесийн үйл ажиллагаа хумигдсан энэ үед Ард санхүүгийн нэгдэл 10 тэрбум төгрөгийн наймаа хийж буй нь содон сонсогдлоо. Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг өнөөдөр “Хар сувд” ресторанд бизнес, санхүүгийн салбарын төлөөлөгчид болон сэтгүүлчдэд нэгэн шинэ мэдээлэл хүргэлээ. Тэрбээр Техник технологийн дээд сургуулийн менежментийн багтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд  50 хувийг  “management buyout” буюу олон улсад өргөн хэрэглэгдэх болсон компанийг удирдлагын багт нь худалдах хэлбэрээр гэрээ байгууллаа.
 
Хэлцлийн дагуу Ард санхүүгийн нэгдэл өөрийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, зээл зэргийг оролцуулж Техник технологийн дээд сургуулийн 50 хувийг ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багт худалдаж байгаа аж. Энэ нь 10 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжиж байгаа бөгөөд гэрээнд  тус сургуулийн ТУЗ-ийн дарга Б.Нэмэхбаатар, ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар гарын үсэг зурлаа.
 
“Ард холдингс” анх 2008 онд Техник, технологийн  сургуулийн 50 хувийг “Заг” компаниас худалдан авч, олон улсын стандартын шаардлага хангасан инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургууль  болгох зорилт дэвшүүлэн ажилласан аж.
 
“Бид хувьцаа эзэмшигч болсон цагаас байгууллагын засаглалыг сайжруулж, үйл ажиллагааг ил тод болгон санхүүгийн чанд сахилга баттай ажилласан. Япон загварын Коосэн ахлах сургуулийн хөтөлбөрийг туршиж, Мянганы сорилтын сангаас анги танхим, тоног төхөөрөмжөө бүрэн шинэчлэх буцалтгүй тусламж авч, Технологи нэвтрүүлэх төв байгуулж ажилласан нь үр дүнгээ өгч өнөөдөр Монголын шилдэг арван дээд сургуулийн жагсаалтад багтаж, техник технологийн сургуулиудын дунд  хоёрт эрэмбэлэгдэх хэмжээнд хүрч өргөжсөн” хэмээн Ганхуяг захирал онцоллоо.  
 
Мөн тус сургууль Ард санхүүгийн нэгдэлд багтдаг учраас сургуулийн багш, ажилтнууд хувийн тэтгэврийн нэрийн данстай болж, “Ард кредит” оюутнуудад таатай нөхцөлтэй сургалтын зээл олгосон байна.