2000 жилийн дараа давсны үнийг чөлөөлөв

Хятадын эрх баригчид түүхэндээ 2000 жилийн дараа давсны үнийг чөлөөлөв. Тус улсын Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа стратегийн чухал бүтээгдэхүүн болох давсны зах зээлд өрсөлдөөн бий болгож, эрэлтээс давсан давс үйлдвэрлэхээс сэргийлэх зорилт тавьсан гэж Хятадын Синхуа агентлагаас мэдээлжээ.
 
Хятадын Хөгжил, шинэчлэлийн Төрийн хорооны мэдээлснээр давсны салбарт нийт 300 гаруй олборлогч, дахин боловсруулагч үйлдвэр, түүнчлэн бэлэн бүтээгдэхүүний 4000 орчим дистрибьютер компани ажилладаг ажээ.
 
2016 оны дөрөвдүгээр сард Хятадын Төрийн зөвлөл давсны салбарыг шинэчлэх, хувийн хэвшлийн оролцоог бий болгох тогтоол гаргасан байна.
 
Анх МЭӨ 117 онд эзэн хаан У-Ди (тэр үеийн Баруун Хань улс) давсны баян олборлогчид, худалдаачдыг хязгаарлахын тулд давсны үнийг төрийн хяналтад авчээ. Учир нь давсны баян худалдаачид давсны үйлдвэрт ажиллуулахын тулд тариачдыг олноор нь худалдан авснаар хөдөө аж ахуйгаас төрд орох татварын орлогыг багасгадаг байсан байна.