Импортын цахилгаанаас 12 тэрбумыг хэмнэжээ

Эрчим хүчний яамнаас Төвийн болон Дорнод бүсийн эрчим хүчний системийн эх үүсвэрийн дутагдлыг арилгаж, эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргасныг  Засгийн газар дэмжсэн байна. Ингэснээр Улаанбаатар дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлж Нийслэлийн төв болон 40, 50, 220 мянгат, тавдугаар хороолол, бага тойруу, Дүнжингарав, Төв цэнгэлдэх хүрээлэн, 120 мянгат, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Оргил рашаан сувилал орчмын албан байгууллага, айл өрхийн дулаан хангамж сайжрах юм. Мөн шинээр 25-30 мянган айлын орон сууцыг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Үүнээс гадна ОХУ-аас авдаг импортын эрчим хүчний хэмжээг бууруулснаар 10-15 тэрбум төгрөг хэмнэх ач холбогдолтой юм.  Учир нь манай улс энэ онд ОХУ-аас импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний хэмжээгээ 44 сая кВт-аар бууруулснаар 12 тэрбум төгрөг  хэмнэсэн нь цаашид ийнхүү өсөх боломжтой байна. 
Дашрамд сонирхуулахад Дархан-Уул аймгийн Хонгор суманд 10 МВт хүчин чадалтай цахилгаан станц баригдаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр ашиглалтад орох ажээ.
А.Сэвжид