Олон улсын дата төвийг Монголд байгуулна

Улаанбаатар хотод Ази, Европыг холбосон өндөр хурдны дата төв байгуулах төслийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан наймдугаар сард Засгийн газарт өргөн барьсан. Учир нь олон улсын технологийн мэргэжилтнүүд манай улсыг мэдээлэл дамжуулах, тээвэрлэхэд хоёр тивийг холбосон хамгийн тохиромжтой бүс нутаг гэж дүгнэсэн байна. Төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэх мэдээлэл, технологийн кампаниудын төлөөлөл нийслэлд хэдийнэ албан өрөөгөө нээгээд байна. Одоогийн байдлаар Майкрософт компани албан өрөөгөө нээсэн бол Google болон Intel компаниуд тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх аж. Дээрх гурван компани эхний ээлжинд мэдээллийн агууламж хадгалах, дамжуулах тоног төхөөрөмжөө байршуулна.

Уг ажил одоохондоо төслийн хэмжээнд яригдаж байгаа бөгөөд ирэх хавраас үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэллээ. Түүнчлэн тэдгээр компанитай манай мэдээлэл харилцаа, холбооны чиглэлээр ажиллаж буй компаниуд хамтран ажиллах боломжоор бүрэн хангагдана. Харин хөрөнгө оруулалтын хувьд төр, хувийн  хэвшлийн компаниудын түншлэлээр уг төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагч онцоллоо.
А.Сэвжид