”Эрдэнэт үйлдвэр” –ийн ТУЗ бүрдлээ

Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ням-Осор ”Эрдэнэт үйлдвэр” –ийн ТУЗ бүрдсэн тухай мэдээлэл хийлээ.
 
Тодруулбал "Эрдэнэт" -ийн шинэ хувьцаа эзэмшигч буюу Mongolian Copper Corporation-н талаас ТУЗ-ийн гишүүнээр Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг, ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнг томилсныг өчигдөр болсон "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар  шийдсэн байна.
 
Харин Засгийн газар "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 51 хувийг эзэмшдэг учраас ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захирлыг томилох давуу эрхээ өчигдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулсан талаар Ц.Ням-Осор дарга цохон тэмдэглэв.
 
Өөрөөр хэлбэл баталгаажсан долоон гишүүн бүхий ТУЗ  хурлаа товлож гүйцэтгэх удирдлагаа томилох аж. Гэхдээ томилогдох гүйцэтгэх захирал нь заавал засгийн газрын талыг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүдийн санал болгосон хүн байхаар тохиролцжээ. Түүнчлэн гүйцэтгэх захирал болох хүн ТУЗ-ийн гишүүдийн 66.6 хувиас дээш дэмжлэг дор буюу Mongolian Copper Corporation-ийн (MCC) ТУЗ-ийн төлөөллийн дэмжлэгийг авах ёстой юм.
 
Засгийн газрын буюу нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талыг:
1.      Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ("Эрдэнэт Үйлдвэр"-ийн шинэ ТУЗ-ийн дарга)
2.   Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
3.   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл,
4.   Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн төлөөлж байна.
Харин хувийн хэвшил буюу 49 хувийг эзэмшигч MCC -ийн талаас:
1.    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд асан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд,
2.    Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон,
3.    Mongolian Copper Corporation-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар ийнхүү болж баталгаажлаа.