“Аз жаргалтай хот” байгуулна

 Дэлхийн бусад хотуудад барилгаа тойруулан мод тарьдаг. Харин Улаанбаатарчууд модоо тайран барилга барьдаг. Энэхүү өвөрмөгц сэтгэлгээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийг бууруулахаас гадна, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэг шалтгаан болж байна. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийтийн зориулалттай талбайд барилга барихыг хориглосон захирамж гаргасан талаар өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Өнөөдрөөс эхлээд нийслэлийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зоорилгоор орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайд бизнесийн зориулалтаар барилга барих ажлыг зогсоож байна. Дахиж миний гарын үсэгтэй нэг ч ийм шийдвэр гарахгүй. Харин орон сууцны хороолол дундах талбайд зөвхөн нийтийн зориулалттай автомашины зогсоол барьж болно. Ингэхдээ газар доор 2-3 давхар зогсоол барьж, дээр нь ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулахыг зөвшөөрнө.” гэлээ.
НИТХ-аар “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөр нь иргэдийн амьдрах орчинг эрүүл, аюулгүй болгоход чиглэх аж. Хотын ногоон бүсийг хамгаалах нь “Аз жаргалтай хот” байгуулах ажлын нэгэн хэсэг хэмээн тодорхойлов.
Тэрбээр цааш нь “Хэрэв сургууль, цэцэрлэгийн газар дотор газар олгохоор бол зөвхөн тухайн сургууль, цэцэрлэгийг өргөтгөж, суудлын тоо, орны тоог нэмэхийг зөвшөөрнө.” гэсэн юм.
Хэрэв орон сууцны хороолол доторх нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн эдэлбэр газарт барилга байгууламж барихтай холбоотой дээрх шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах аж.

М.Билгүүн