Долларжсан долоо хоног

Асуудал хаанаас эхлэв
 
Өнгөрсөн лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар Валютын хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад засгийн газрын тэргүүн үүрэгдсэн. Өөрөөр хэлбэл зах зээлийн чөлөөт зарчмаар явагдах ёстой валютын ханшийг төрийн хатуу гараар зохицуулахаар шийдсэн гэсэн үг.  Гэтэл сангийн яам сайдынхаа өгсөн даалгаврыг судалж байх хойгуур валют арилжаалагчид хагартлаа баяжив. 
 
Тодруулбал пүрэв гаригт УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийг дуу нэгтэйгээр батлахтай зэрэгцэж зарим банкууд ам.долларын гүйлгээгээ хааж, валютын зах дээр нэг ам.доллар 2720 төгрөгтэй тэнцсэн. Энэ нь Засгийн газарт түргэний машиныг санагдуулсан биз.
 
Хөндлөнгийн шинжээчдийн хэлж буйгаар экспортын орлогыг  нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг яаралтай татахгүй бол ам.доллар болон бусад гадаад валютын өсөлт саарахгүй гэв. Тухайлбал эдийн засагч Ч.Отгочулуу “Гадаад худалдаа ашигтай, инфляци нам дор байхад ам.долларын ханшийг алдсан нь мэргэжлийн бус удирдлагаас үүдэлтэй” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татсан.
 
Шалтгаан
 
Валют огцом хэлбэлзсэнийг 2013 онд эхэлсэн Ипотекийн найман хувь болон Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дамжуулан зах зээлд 7 их наяд 954 тэрбум төгрөг нийлүүлсэнтэй шууд холбоотой гэдгийг эдийн засагч Д.Ангар хэлсэн. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Валют огцом өсч буйтай холбоотойгоор Засгийн газрын зүгээс Монголбанкинд үүрэг өгөх эрхгүй, УИХ-ын харьяа байгууллага. Харин бидний хувьд валютын үнийн өсөлтийг дотоод руу орох гадаад валютын урсгал саарсантай холбоотой гэж үзэж байгаа. Бидний хувьд энэ үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа” гэв.
Нэмээд Монголбанк гаргасан мэдэгдэлдээ “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна. 
 
Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” хэмээн дурдав. Үүнийхээ дагуу төв банкнаас валютын ээлжит бус дуудлага худалдааг зарлаж зах зээлд  сая ам.долларыг 2450  төгрөгийн үнээр нийлүүлсэн нь богино хугацаанд үр дүнгээ өгч цагийн дотор 2470 төгрөг болтол нь буруулсан. Гэхдээ энэ бол түр зуурын шинжтэй, нийлүүлсэн ам.долларыг өр гэдгийг зарим шинжээчид хэлсэн.
 
Тухайлбал эдийн засагч Ч.Эрдэнэдалай “Монголбанк 70 сая ам.долларын интэрвэнци хийлээ,ханш 2450 руу буурлаа гээд баярлах юм байхгүй. 70 сая ам.доллар бол өр” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Түүнчлэн нөгөө талд энэхүү огцом хэлбэлзлээс үүдэж төгрөгийн хадгаламжтай иргэд ам.доллар руу шилжүүлээд эхлэнгүүт банкууд ногоон дэвсгэртийн гүйлгээгээ  түр хаахад хүргэсэн гэдгийг Улаанбаатар хотын банкны хөрөнгө оруулалтын газрын захирал Г.Батжаргал хэллээ. 
 
Тэгвэл Голомт банкны Ерөнхийлөгч Ө.Ганзориг ханшийн өсөлтөд өөр байр суурьтай байв. Тэрбээр “Зах зээлийн итгэл алдсан. Өмнө нь ямар нэгэн байдлаар төгрөгийн ханшийг хамгаална гэсэн ойлголт иргэдэд байсан. Гадаад худалдааны баланс ашигтай байгаа тохиолдолд макро эдийн засгийн түвшинд доллар хэрэгтэй юм байхгүй. Ам.долларын өсөлтийн сүүлийн 500 төгрөгийн тухайд гэвэл нэгдүгээрт ард иргэдийн болгоомжлол, хоёрдугаарт ашиг олох зорилго нөлөөлж байна” хэмээв. Ямартай ч учрыг мэдэх салбарын мэргэжилтнүүд ноён ногооны гэнэтийн солиоролд өөр өөрсдийн өнцгөөс ийнхүү тайлбарлав. Эцсийн дүндээ богино хугацааны энэхүү үйл явдалд хэн хожсон бэ гэдэг нь тодорхой бус үлдэв. Банкууд уу, валют арилжаалагчид уу. Харин тодорхой нэг зүйл нь ханшийн зөрүүнд хохирсон иргэд нэлээд байсан нь харамсалтай.