Чанаргүй зээл 1,136 тэрбум төгрөгт хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн эхний 10 сарын үзүүлэлтийг танилцууллаа. Энэ оны гуравдугаар улиралд ДНБ 1.6 хувиар буурч, мөнгөн дүнгээр 180 тэрбум төгрөгөөр агшиж, мөнгөний нийлүүлэлт 10 дугаар сарын эцэст 11.5 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрөгч есдүгээр сараас 54 тэрбум, өмнөх жилийн мөн үеийнхээс 1603 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ.
 
Харин өнгөрсөн сард банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 1136 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 1.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар өсжээ. Үүнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон, нийт зээлийн өрийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 4.7, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл сарын өмнөхөөс 12 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.
 
Мөн хорооноос явуулсан ажиллах хүчний судалгаагаар энэ гуравдугаар улиралд 15 ба түүнээс дээш насны ажилгүй иргэдийн тоо 118 мянгад хүрсний 62 хувийг эрчүүд, үлдсэнийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн өрхийн нийгэм эдийн засгийн судалгаагаар гуравдугаар улиралд нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853 мянган төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 84 мянган төгрөгөөр буурчээ. Үүнд цалин, хөлсний орлого 28 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 37 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн аж.  Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 926 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 10 мянган төгрөгөөр буурсан байна.
 А.Сэвжид