Төрийн байгууллагад итгэх нь сул хэвээр

Монголын бизнесийн зөвлөлөөс санаачлан Азийн сан, Сантмарал төвүүд хамтран “Ил тод, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих нь” семинар “Blue Sky” зочид буудалд /2016 оны 11 сарын 15-нд/ зохион байгууллаа. Энэхүү семинарын гол зорилго нь дотоод дахь бизнесийн шударга бус байдалтай холбоотой тулгамдаж буй гол асуудлуудыг тодорхойлж, ил тод таатай орчинг бүрдүүлэн, дэмжихэд чиглэсэнзөвлөмжүүдийг боловсруулахад оршино.
 
Семинарын үеэр тавигдсан илтгэлүүдэд давтагдсан нэг санаа нь “бизнес эрхлэгчид авлигыг бууруулж чадах гол нөхцөл нь компанийн нээлттэй ил тод байдал, ёс зүйг эрхэмлэх явдал” гэдгийг чухалчлан хэллээ. Тухайлбал хэвлэл мэдээллийн салбарт Монгол HD  телевиз цаг бүрийн мэдээллийн хөтөлбөрийн өмнө “хаалтын гэрээгүй” гэдгээ зарладаг маш сайн жишиг гэдгийг оролцогчид онцлов. Мөн энэ үеэр  “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох 2016 оны дүн”-г Сантмарал сангийн гүйцэтгэх захирал Л. Сумати танилцууллаа. Үүнд дурдсанаар  2015 оны нөхцөл байдалтай харьцуулахад "шударга бус хандлага" гэсэн үзэл орон нутгийн засаг захиргаанаас гадна үнэлгээ хийгдсэн бүх салбарт үлэмж буурчээ.
 
Тухайлбал Боловсролын салбарт 2015 онд 48.1%-тай байсан хандлага 2016 онд 42.2%, Эрүүл мэндийн салбарт 2015 онд 56.8% байснаас энэ онд 52%, Шүүхийн тогтолцоонд 2015 онд 65.5% байсан ч 2016 онд 59.1% болсон байна.
Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдын тэн хагас нь эдгээр байгууллагад өөрт нь шударга хандана гэдэгт итгэхгүй байгаа аж.
Хэдий тийм ч жил бүр судалгааны үр дүн сайжирч байгаа гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ. Мөн энэ үеэр“Бизнестээ шударга, ил тод байдлыг баримтлах үндсэн хүчин зүйлс”-ийн тухай Trident Integrity Solutions компанийн гүйцэтгэх захирал Марк Ловатт илтгэл тавилаа. 
 
Авлигын гол мөнгөн урсгал цөөн тооны хүмүүсийн дунд эргэлддэг гэдгийн тус илтгэлд дурдлаа. Түүнчлэн 105 оронд явуулсан судалгаагаар хувийн бизнес эрхлэгчдийн дунд 500 сая орчим ам.долларын авлигын асуудал үүссэн байна. Үүнд Германы алдарт Мерседес Бенз, Сейменс, АНУ-ын Ролс Ройс зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд хүртэл ийм асуудалд оржээ. Гэхдээ энэ нь зөвхөн тухайн компаниудын асуудал биш бөгөөд хөрөнгийн зах зээлийн голлох индекс, хувьцаануудын уналт, өсөлтөд хүртэл нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй гэв.
 
Аливаа улсад 10 км замд 10 сая ам.доллар төсөвлөдөг ч ихэнх хөрөнгө авлигын зардал болдог нь чанаргүй зам тавих үндэс болж байгааг гадаадын бизнес эрхлэгчид хэллээ. Харин хамгийн чухал компани авлигын асуудалд орсон  тухай мэдээлэл нэг л удаа цацагдахад арилгах боломж байхгүйг онцлов. Үүнийг мэдээж, интернетийн өргөн хэрэглээтэй холбон үзэж болно. Хэрвээ компани авлигын асуудалд орвол “эрсдэлтэй компани” гэх жагсаалтад бичигдэж хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа нь унасаар хаалгаа барихад хүрдэг гэдгийг илтгэлүүдийн дараах хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хэлж байлаа.

А.Сэвжид