“Great” төслийн туршлагыг танилцууллаа

 Өнөөдөр Их Британий Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “Great” төслийн багаас уг төслийн Монгол улс дахь үйл ажиллагаа болоод цаашдын үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Мөн хурлын үеэр улс орны хувьд олон улсад өөрийгөө сурталчилахын ач холбогдлын талаар лекц болов.

Албан байгууллага үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд реклам, сурталчилгаа чухал үүрэгтэй. Үүний адилаар аливаа орон ч өөрийгөө сурталчилах, олон улсад нэр хүндээ өсгөхөд чиглэгдсэн сурталчилгаа явуулах шаардлагатай байдаг. Тухайн улс зөв имиж бүрдүүлж, түүнийгээ олон улсад зөв сурталчилж чадвал эдийн засаг төдийгүй соёл, боловсролын салбарт давуу талыг олж авч чаддаг. Их Британи улс 2011 оноос эхлэн дэлхий нийтэд өөрийгөө сурталчилах, бусад улсуудад туршлагаа хуваалцах зорилго бүхий “Great” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн 160 гаруй оронд тус хөтөлбөр хэрэгжээд байгаа. Харин Монгол Улсын хувьд төслийн баг гадны хөрөнгө оруулагч, жуулчин, гадаадын оюутныг татахад илүү анхаарал хандуулан ажиллана хэмээн хурлын үеэр мэдэгдэв.
“Great” төслийн захирал Конрад Бөрд “Энэхүү хөтөлбөр 2011 онд хэрэгжиж эхэлсэн юм. Уг хөтөлбөрийн зорилго нь улс орны эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Одоогийн байдлаар уг төсөл хэрэгжснээр Англи улс 4,4 тэрбум фунт стерлингийн ашиг олоод байна. Монгол Улсын нэр хүнд олон улсын бизнесийн салбарт унасан байна. Энэ байдлыг засахын тулд төр засаг нэгдсэн зохион байгуулалттай байх нь чухал. Мөн итгэл дааж чадна гэсэн имижийг гадаад орнуудад төрүүлэх шаардлагатай байгаа” гэв.
Улс орноо сурталчилах боломжтой талаар хурлын үеэр дурдаж байв. Сүүлийн үед гадаадад боловсрол эзэмших залуусын тоо өссөн. Энэ хандлага цаашид ч өсөх төлөвтэй байгаа. Тэгвэл тухайн улс орныг олон улсад сурталчилах хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга нь гадаад оронд суралцаж буй оюутан залуусыг ашиглах байдаг талаар Конрад Бөрд хэлж байв.
Тэгвэл энэ асуудлын хүрээнд боловсролын салбар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны дээд боловсролын газрын мэргэжилтэн Б.Батсайхан “Кэмбрижийн их сургуультай манай улс олон жил хамтран ажиллаж ирсэн. Тус сургуульд Монгол судлалын салбар байдаг. Цаашид гадаадын их, дээд сургуулиудад Монгол судлалын тэнхим байгуулах нь үр дүнтэй. Цаашид монгол судлалаар суралцаж байгаа гадаад оюутнуудыг Монгол Улсад богино хугацааны дадлага хийлгэх, сургалтад хамруулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж харж байна. Харин гадаадад суралцаж буй оюутнуудаа эх оронч сэтгэлгээтэй болгох, мэдээллээр хангах шаардлагатай байна” гэв.
Тэгвэл “Great” хөтөлбөр Монгол Улсад хэрэгжсэнээр эдийн засгийн хувьд ямар үр  дүн гарах талаар Конрад Бөрд “Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол улсад ирэх жуулчдын тоог 2-3 дахин нэмэгдүүлэх  боломжтой. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Мөн Монголын экспортлогчид олон улсын зах зээл дээр  өөрийн брэндээ гаргахад томоохон түлхэц болно” гэв.
Их Британи улс энэхүү амжилт авч ирсэн төслөө зургаан жилийн өмнө тус улсын эдийн засаг хямралтай нүүр тулсан үед тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлж байсан. Манай Монгол Улс эдийн засагтаа санхүүжилт, хөрөнгө оруулалт татахын тулд улсынхаа сурталчилгааг зөв хийхэд анхаарах нь чухал юм. Тиймээс Гадаад Хэргийн яам, БСШУЯ, БОАЖЯ, МҮХАҮТ, Үндэсний маркетингийн холбоо зэрэг байгууллага хамтарч тус үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд салбар бүрийн мэдлэг, туршлагатай залуусын төлөөлөл оролцсон юм.
М.Билгүүн