Ирэх онд Тавантолгойн нүүрс 60 ам.долларт хүрнэ

Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс олборлогч “TTJVCo” компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний  үнийг нэмэгдүүлэх  зорилгоор дахин хэлэлцээ хийж, ирэх 12 дугаар сарын нүүрсний үнийг 50 ам.доллароор тогтоожээ. Мөн Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг ахин  эхлүүлсэн байна.

Түүнчлэн ирэх оны I улиралд нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьдчилан  тооцсон төсөөллөөр Цанхийн Зүүн уурхайд нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулах төлөвтэй байгаа аж.
 
Баруун Цанхийн олборлогчоор “ Эс Жи Эс” ХХК, “Хишиг Арвин ” ХХК, “Моннис” ХХК зэрэг Монголын Үндэсний компаниудын нэгдэл орж байгаа бөгөөд хоёр сарын дотор 1.1 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Цанхийн баруун уурхайн олборлолт эхэлснээр нүүрсний үнийг зах зээлийн үнээр борлуулах боломж  бүрдэх аж.
 
Мөн Тавантолгойн орд орчимд 5000 гаруй байнгын ажлын байр бий болгон, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих төдийгүй улс орны эдийн засагт тодорхой түлхэц болох боломжтой болж  байна.
 
Ц.Элбэгсайхан