Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэхээр боллоо.Тус чиглэлийн зам нь 1943-1974 оны хооронд баригдаж, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ. Харин одоо ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байгаа гэдгийг мэргэжлийнхэн хэллээ. 
 
Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж буй юм. Шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт туннель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.
 
Авто замын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгалаа. 
А.Сэвжид