Хөшигтөд 2.4 тэрбумаар цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, таслан зогсоох газрын дарга Лаурел Коттон, Төслийн тогтвортой хөгжлийн менежер Брюс Уаллис, АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газрын дарга Жон Б. МакДаниел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал  Вашингтон хотноо гарын үсэг зурсан.
 
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хилийн боомтуудад цацрагийн үүсгүүр, цөмийн материалыг илрүүлэх  тоног төхөөрөмжийг суурилуулах, боловсон хүчин бэлтгэх, холбогдох засвар үйлчилгээ үзүүлэх зэргийг багтаасан техникийн тусламжийг манай улсад үзүүлэх болсон юм.
 
Энэ дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж Монгол Улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулаад байна. Мөн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтанд ашиглах гар багажнуудыг нийлүүлсэн. Түүнчлэн МХЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Хил хамгаалах, Гаалийн газруудын давхардсан тоогоор 300-гаад албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтад, тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээний сургалтад мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, аж ахуйн нэгжүүдийн инженер, техникийн ажилтнуудыг хамруулаад байна.
 
Төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамнаас Монгол Улсад цацрагийн хяналтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон хүний нөөц бэлтгэх, засвар үйлчилгээ, суурилуулалтын зардалд нийт 31 сая америк долларын тусламж үзүүлсэн байна.
АНУ-ын Эрчим хүчний яаманд “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг цаашид үргэлжлүүлэн Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудал болон бусад хилийн боомтуудад цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах асуудлыг хоёр тал харилцан тохиролцоод байна. Уг төхөөрөмжийн өртөг 950 мянган ам.доллар буюу 2.4 тэрбум төгрөг юм. Үүнээс гадна хилийн боомтуудад 287 мянган ам.долларын өртөгтэй цацраг хэмжих гар багаж нийлүүлж байгаа юм.
А.Сэвжид