Нэг ч ажилтангүй 14.6 тэрбум төгрөгийн өртэй Төрийн өмчит компани байна

 
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, 2017 онд хувьчлагдах  обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонслоо.
 
Мэдээлэлд дурьдсанаар 87 компанид судалгаа хийхэд 10.8 их наяд төгрөгийн өр авлагатай гарч, үүнээс 29 компани нь нийт өрийн 96.8 хувийг эзэлж байгаа юм. Мөн Авто тээврийн үндэсний төв, Монголын Цахилгаан холбоо компани, Дипломат үйлчилгээний газар, Чингис хаан олон улсын нисэх буудал  зэрэг байгууллагаас 420 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бол Мэдээлэл технологийн үндэсний төв, МИАТ зэрэг газарын шалгалт хараахан дуусаагүй байгаа аж.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт асуулт тавилаа. Тэрээр “1-5 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10-60 саяын урамшуулалтай бол 50 хувь бууруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Гэтэл 60 сая төгрөгийн цалин урамшуулал авч байна гэх юм. ТУЗ-ийн гишүүдийн цалинг зохицуулсан уу. Мөн “Мон-Атом” компани 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, өр төлбөр нь 6.6 тэрбум, орлого нь 2.1 тэрбум, зардал нь 565 сая, алдагдал нь 531 сая төгрөг байна. Нэг хүн ажилладаг атлаа 530 сая төгрөгийн зардал гаргаж, 531 сая төгрөгийн алдагдалтай байна. Тиймээс өртэй байгууллагуудыг яаж хувьчлах вэ? гэж асуув.
 
Харин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор“Хамгийн их өртэй 30 компанийг ирэх хоёрдугаар сарын дунд гэхэд шалгаад дуусчих байх. Үүний дараа гарсан дүнг УИХ болон Засгийн газарт танилцуулна. Өөр зээлтэй холбоотой нэлээд асуудал бий. Тухайлбал Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор нэг ч захиралгүй мөртлөө 14.6 тэрбум төгрөгийн өртэй, шүүхээс янз бүрийн нэхэмжлэл ирж байгаа. Мөн Хөрөнгийн бирж болон Төрийн банкны хувьчлалтай холбоотой үнэлгээг хуулиараа Сангийн яамнаас хийж байгаа.
 
“Мон-Атом” компанийн асуудал үнэхээр хүндрэлтэй байгаа. Одоо бол “Эрдэнэс-Монгол”-ын харьяанд шилжсэн учраас нарийн судалгаа хийгдээгүй байна. Төрийн өмчит компаниудын удирдлагын цалин яригдахаар хамгийн өндөр нь ГОК дээр гардаг. Тэнд ажилдаг зарим удирдлагууд 10 мянган еврогийн цалин авдаг. “Монгол Шуудан”компанийн Солонгос талын захирал нь 4500 ам доллар, Хөдөө аж ахуй биржийн удирдлага 9.4 сая төгрөг байсныг Засгийн газрын захирамжийн дагуу 5 сая төгрөг болгож бууруулсан. ТУЗ-ийн гишүүдэд сард 300 мянган төгрөгөөс дээш цалин урамшуулал өгөхгүй байхаар тогтоосон" гэж хэллээ.
А.Сэвжид